Монголын хөгжмийн урлагийн нэвтэрхий толь гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөгжмийн зохиолчдын намтар цадиг, уран бүтээлийн жагсаалт, тэдний тухай зохиолч, сэтгүүлч, хөгжим судлаачдын бичсэн хөрөг тэмдэглэл, дурсамж, ярилцлагын эмхэтгэл "Нэвтэрхий толь" олны гарт хүрч эхлээд байна. Энэхүү түүхэн товчоон нь XX зууны эхэн үеэс XXI зууны эхэн үеийн Монголын урлаг соёлыг хамарсан 500 гаруй хөгжмийн зохиолч, ая зохиогчийн намтар, уран бүтээлийн жагсаалт багтжээ.
Номыг эмхэтгэж байх есөн жилийн хугацаанд Монголын хөгжмийн урлагт олон үйл явдал өрнөж, олон олон шинэ уран бүтээл нэмэгдэж, 30 гаруй хөгжмийн зохиолчид алдрын зэрэгт хүрсэн байна. 2010 онд Т.Сэр-Од УГЗ, 2011 онд Д.Болд Төрийн соёрхол, Б.Наранбаатар, Г.Энхбаяр, Ч.Гансүх, Б.Долгион, Ц.Загдсүрэн нар УГЗ, И.Болоож, Д.Машлай нар СГЗ, 2012 онд Г.Пүрэвдорж, Ц.Чулуунбат, Л.Насанбат, Б.Батчулуун нар УГЗ, Ч.Амаржаргал УГЖ, 2013 онд Т.Найданжав УГЗ, Ч.Буянхишиг СГЗ, 2014 онд Д.Цэцэрлэг УГЗ, Р.Энхбазар СГЗ, Н.Төмөрхуяг, Д.Отгонбаяр нар УГЖ, 2015 онд Б.Нямдорж, Б.Ганхуяг, М.Хунлиуз нар УГЗ, Н.Буянбаатар СГЗ, Б.Зангад Хөдөлмөрийн баатар, 2017 онд Д.Алтантуул, Д.Ганбаяр, Н.Халиун нар УГЗ, 2018 онд Ж.Бүрэнбэх АЖ, Д.Бэхбат, Г.Батнасан, Д.Дорлиг нар УГЗ, М.Бямбажав, Д.Баасанжав УГЖ, С.Ганчимэг Гавьяат багш цол хүртээд байгаа юм.
Номыг бүтээхэд үнэт зөвлөгөө өгч, тус дэм үзүүлсэн МХөЗХ-ны удирдлагууд болон МУУГЗ Б.Бямбабаяр, МУСТА Д.Чулуун, номын редактор, Ардын жүжигчин П.Хаянхярваа, хөгжим судлаач С.Энхбулаг, СГЗ Ч.Буянхишиг, хөгжмийн зохиолч Б.Цэрэндондов, зохиолч-сэтгүүлч Я.Батзоригт болон энэхүү номд бүтээлээ оруулсан нийт яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, хөгжим судлаач нартаа чин сэтгэлийн талархал буйгаа номын зохиогч Хэл бичгийн ухааны доктор, судлаач Боржигон-баяр Дорлигийн Ганболд, сэтгүүлч, яруу найрагч Анианханы Хүрэн-Алагийн Отгонбаяр нар илэрхийлж байна. Урлагийн энэ нэвтэрхий толь цаашид баяжин дахин дахин хэвлэгдсээр байх юм байна.