Хуулийн салбарын 20 байгууллага ажлын байраа танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2019-05-16 12:47:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хуульчдын холбоо, Өмгөөллийн “ДиБи энд ЖиТиЭс” нөхөрлөл “Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн, яармаг”-ийг Туушин зочид буудалд зохион байгуулж байна.


Анх удаа зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн, яармагт нийт 20 аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд үүнд өмгөөллийн нөхөрлөл, арилжааны банкууд, томоохон групп, компаниуд багтжээ.


“ДиБи энд ЖиТиЭс” нөхөрлөлийн Гүйцэтгэх захирал Д.Золжаргал, “Улсын хэмжээнд 200-300 гаруй байгууллага өмгөөлөл, хуулийн зөвлөгөө өгч байгаа бол, 17 их, дээд сургууль хуульч бэлтгэж байна. Жилд дунджаар, 600-700 оюутан хуульч мэргэжлээр төгсөж байгаагаас 40-50 хувь нь мэргэжлээрээ ажилд орж байгаа юм. Тиймээс энэ салбарын ажил олгогч болон боловсон хүчнийг холбох зорилгоор энэхүү үзэсгэлэн, яармагийг зохион байгуулж байна. Миний бие “ДиБи энд ЖиТиЭс” нөхөрлөлийн гүйцэтгэх захирлаар 10 жил ажиллахдаа хүний нөөцөө бүрдүүлэхэд ихээхэн анхаарч ирсэн. Өмнө нь англи хэлний мэдлэгтэй хуульч олоход тун хэцүү байсан. Харин одоо төгсөж буй оюутнууд гадаад хэлний өндөр мэдлэгтэй байгаа нь их, дээд сургуулиуд чадварлаг боловсон хүчин бэлтгэж чадаж байгааг илтгэж байна. Тиймээс чадварлаг боловсон хүчинг ажил олгогчидтой холбох нь туйлын чухал” гэлээ.


Мөн үзэсгэлэнгийн үеэр оюутан, залуусыг ажлын ярилцлагад бэлтгэхэд нь туслах, зөвлөгөө, мэдээлэл өгөх салбар хэлэлцүүлгүүд зохион байгуулж байна. Үзэсгэлэн, яармаг 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ