Зочлох үйлчилгээний сургалтад 15 мянган иргэн үнэ төлбөргүй хамрагдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-05-20 17:04:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас 2019 оныг “Ажлын байр, боловсрол, ур чадвар” уриан дор зарласантай холбоотойгоор  аялал жуулчлалын салбарын “Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт” улс орон даяар өнөөдөр эхэллээ.


Сургалтад 13-15 мянган иргэнийг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд хамгийн гол ач холбогдол нь иргэдийг ажлын байртай болгох, зочлох үйлчилгээний салбарын чанарыг дээшлүүлснээр улс орныхоо эдийн засагт хувь нэмэр оруулах юм гэдгийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нээлтийн үеэр онцлов.

Монгол Улс 2018 онд анх удаа хагас сая гаруй буюу 529 мянган гадаад жуулчин хүлээн авч,  569 сая ам.долларын орлого олжээ. Улсын хэмжээнд бүртгэлтэй 270 тур оператор компани, 460  зочид буудал, 400 гаруй жуулчны бааз ажиллаж 54 мянга орчим ажлын байр бий болгосон байна.

Аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлж, улмаар 2020 он гэхэд Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын тоог 1 саяд, аялал жуулчлалын салбарын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн.

Жуулчин хүлээж авах өнөөгийн хүчин чадлыг тооцож үзвэл, Монгол Улс нэг өдөрт 70 гаруй мянга, зуны 3 сард нийт 3 сая гаруй жуулчин хүлээж авах бүрэн боломжтой ч сүүлийн 10 гаруй жилийн турш Монголд ирж буй гадаадын жуулчдын тоо 400 мянга гаруйд хэлбэлзсээр иржээ.

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлт”-д дэлхийн 136 орноос Монгол Улс 102 дугаарт эрэмбэлэгдэж, үүний дотор “олон улсад нээлттэй байдал”, “агаарын тээврийн дэд бүтэц”, “газрын боомт, дэд бүтцийн хөгжил”, “жуулчны үйлчилгээний дэд бүтэц” зэрэг шалгуур үзүүлэлтэд доогуур үнэлэгджээ.

Монгол Улсын Засгийн газар 2019 онд аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ түвшинд хүргэж, дэд бүтцийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэж, зочлох үйлчилгээний төрөлжсөн 10-12 сургалтын хөтөлбөр боловсруулж,  зөөгч, бартендер, бариста, өрөөний болон гэрийн үйлчлэгч, тогооч, жолооч, ачаа зөөгч хаалгач гэсэн 9 мэргэжлээр орон нутгийн иргэдэд мэргэжил олгох болон мэргэшүүлэх сургалтыг Улаанбаатар хот, 21 аймагт зохион байгуулах бэлтгэл ажлыг хангажээ.

Монгол Улсад анх удаа үнэ төлбөргүй явуулж буй сургалтыг тус салбарт ажиллаж буй мэргэжилтэн боловсон хүчний ур чадварыг нэмэгдүүлэх, хүний нөөц бэлтгэх, тогтвортой ажлын байраар хангах зэрэг хүрээнд  Улаанбаатар, Төв, Хангай, Зүүн, Баруун, Говийн  бүсэд нэгдсэн байдлаар ирэх сарын 20-ныг хүртэл зохион байгуулна.

Сургалтад хамрагдсан иргэд мэргэшсэн чиглэлийн дагуу гэрчилгээтэй төгсөх бөгөөд орон нутгийн аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж буй амралт жуулчны бааз, тур оператор компанид ажиллах боломжтой болж шаардлагатай  хүний нөөцийн жагсаалтад бүртгүүлнэ  гэдгийг БОАЖЯ-ны АЖБЗГ-ын дарга С.Баясгалан хэллээ.

Нээлтийн үеэр нийслэлд ажиллаж буй  зочид буудал, зоогийн газар, амралт жуулчны баазын  ажилтнууд чиглэл тус бүрийн онол, дадлагын  сургалтад хамрагдсан юм.


Холбоотой мэдээ