Дундговь аймгийн “амьд архив”

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-05-21 10:39:23
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Хог болгон хаясан дэвтэр, хуанли, ном, баримт сэлтийг 1988 оноос хойш цуглуулан, маш өргөн мэдээллийн архивтай болсон  нэгэн буурай Дундговь аймагт аж төрж байна. Түүнийг Цэрэнцоогийн Лхүндэвдорж гэдэг, өдгөө 80 настай аж. 

Тэрбээр цуглуулсан баримт сэлтээ өөрийн судалгаагаар баяжуулан, тэмдэглэл хөтөлдөг, тэр бүхнээ зөвхөн гараараа бичиж архивладаг онцлогтой. Түүхийн номоо туурвих гэж Ц.Лхүндэвдорж гуайгаас мэдээлэл авсан байгууллага, сум олон байдаг гэнэ.

Тэрбээр 1924 оноос хойших улсын хэмжээний малын дүн мэдээ, 1971 оноос хойших аймгуудын малын тоо, 1942 оноос хойших Дундговь аймгийн малын тоо мэдээг он оноор нь нэгтгэсэн байдгаас гадна, Монгол Улсын хэмжээний алдартан, гавьяатнууд, төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс, аймгийнхаа хэмжээнд төрийн шагнал, салбарын тэргүүн, аймгийн Засаг даргын жуух, “Хүндэт тэмдэг”, “Хүндэт иргэн” зэрэг шагналууд авсан, “Хүндэт дэвтэр”-т бичигдсэн гээд маш өргөн хүрээний мэдээллийг он дараалан цуглуулжээ. Түүнчлэн  Дундговь аймагтай холбоотой бүхий л мэдээлэл, тоон баримтууд түүнд буй.

Судалгааны материалаа нэгтгэн бичихдээ хуучин хаягдал цаас, номын хавтсыг ашиглан өөрөө нааж, эвлүүлж, ном болгодог гэнэ. Сүүлийн жилүүдэд ийм маягаар жижиг тэмдэглэлийн дэвтэр 1000 гаруйг хийж, сургуулийн сурагчдад бэлэглэсэн хэмээн тэрээр ярилаа.

2005 онд АНУ-ын Мерси Кор төслийнхөн Монгол Улсад судалгаа хийж, сайн дурын үндсэн дээр, хөрөнгө санхүү гэлгүй бусдад буянт үйл бүтээдэг хүмүүсийг тодруулахад, Дундговь аймгаас хоёр хүн сонгогдсоны нэг нь Ц.Лхүндэвдорж гуай юм байна.

 

Холбоотой мэдээ