Ч.Хүрэлбаатар: Гадны банк оруулах хуулийг баталбал, зээлийн хүү буурна

Монголын мэдээ | Эдийн Засаг
munkhbaatar@montsame.mn
2019-05-21 15:15:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эдийн засаг, нийгмийн хөгжилд дараах үр дүн гарахаар байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд танилцуулав. Түүний танилцуулснаар, 2020 онд эдийн засгийн бодит өсөлт 6 хувь, инфляцийн түвшин 8 хувиас бага, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй байх аж.


Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн юм. Тогтоолын төслийг  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм. 


Тэрбээр, үндсэн чиглэлийн төсөлд 20 зорилтын хүрээнд 118 бодлогын ажил тусгасныг хэлэв. Ирэх оны үндсэн чиглэлд тусгасан ажлыг хэрэгжүүлэхэд нийт 10 их наяд 216.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас улсын төсвийн хөрөнгөөр нэг их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар зургаан их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Ажилгүйдлийн түвшин 6.5 хувиас бага байна гэдгийг танилцуулгадаа дурдав. 




Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Баттөмөр, Н.Амарзаяа нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүд төсвийн алдагдлыг бууруулахад онцгой анхаарах шаардлагатайг дурдаад, ирэх онд төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээг гурван хувь хүртэл бууруулах боломж бий эсэх, Тогтворжуулалтын сан, "Ирээдүй өв" санд нийт хэчнээн төгрөгийн хуримтлал үүсгэхээр төлөвлөж байгааг тодруулав. Мөн зээлийн хүүг бууруулах талаар тодорхой ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг лавласан. 


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төсвийн алдагдлыг тэнцвэржүүлсэн тэнцлийн хэмжээгээр тооцоход, ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувь байна гэдгийг дурдаад, төсвийн алдагдлыг бууруулахад тодорхой хэмжээний эрсдэл үүсэх магадлалыг тооцож дээрх дүнг гаргасан гэдгийг онцолсон. Мөн тэрбээр, "Төсвийн тухай хуулийн дагуу Тогтворжуулалтын сан, Ирээдүй өв сангаар дамжиж хуримтлал бий болдог. Эдгээр сангууд маань өртэй байсан бол энэ жилээс "Ирээдүй өв" сан өргүй болж эхэлнэ. Иймд уг санд энэ жил батлагдсан төсвөөр 553 тэрбум төгрөг, 2020 онд нэг их наяд гаруй төгрөг хуримтлагдана гэж тооцсон" гэлээ.


Зээлийн хүүг  захиргааны аргаар бууруулахад хүндрэл үүсэж буйг дурдаад, 2016 оныхтой харьцуулахад зээлийн хүү гурван пунктээр буусан. УИХ-аас баталсан Татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад гадны хөрөнгийн эх үүсвэрийг оруулж,  гарахад нь 10 хувийн татвар авдаг байсныг хоёр дахин бууруулсан. Ингэснээр зээлийн хүүг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ. Мөн УИХ-д өргөн мэдүүлсэн гадны банк оруулахад эрх зүйн орчныг зохицуулах тухай хуулийг шуурхай баталбал, зээлийн хүү буурах боломжтой гэж Ч.Хүрэлбаатар сайд хариулав.


Тогтоолын төсөлтэй холбогдуулж зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн  танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ