Завхан аймаг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-05-21 16:33:51

Завхан /МОНЦАМЭ/.Завхан аймаг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй болохоор газрын мэргэжлийн байгууллага болох "Тэгш хэм групп" ХХК-тай хамтран ажиллаж байгаа талаарх мэдээллийг аймгийн ГХБХБГ-аас сэтгүүлчдэд мэдээлэв.

Завхан аймгийн хувьд газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөгүй байсан цорын ганц аймаг бөгөөд нийт бэлчээрийн 50 орчим хувь нь унаган төлөв байдлаасаа өөрчлөгдөж, тодорхой хэмжээгээр доройтсон, цаг агаарын хуурайшилт, цөлжилт нийт нутагт хурдацтай явж байгаа. Хяналт зохицуулалтгүй суурин газрын тэлэлт, эмх замбараагүй газар ашиглалт зэрэг аймгийн хөгжилд тулгамдаж буй асуудлыг шат дараатай шийдвэрлэх зорилгоор газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй болохоор зорьжээ.

Үүний хүрээнд аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хийлгэхээр тусгаж Завхан аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 2018-2033 он гэхэд хийхээр аймгийн ИТХ-ын 5 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулжээ. Ийнхүү газар зохион байгуулалтын урт хугацаанд баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах, газрын төлөвлөгөө, ашиглалт, зохицуулалтын судалгааны ажлыг ид хийж байна.

Энэхүү газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэсэн газрын нөхцөл нөөцийн чадавхид зохицсон нийгэм эдийн засгийн салбаруудын хөгжлийг тэтгэсэн, хүрээлэн буй орчин, ховордсон ан амьтан, ургамал биологийн төрөл зүйлийг хамгаалахад чиглэгдсэн, газрын өгөөжийг нэмэгдүүлэх замаар иргэдийн орлогыг  нэмэгдүүлэн ядуурлын түвшнийг бууруулах зорилго бүхий бодлогын бичиг баримт юм.


Газрын төлбөрөө хугацаанд нь барагдуулахыг хүсэв


Завхан аймаг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй болсноор нийгэм, эдийн засгийн салбаруудын алс хэтийн болон дунд хугацааны төлөвлөгөө боловсруулах, сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон төв суурин газрын хот байгуулалтын үе шат, бүс нутгийн хөгжлийн хөтөлбөр, бусад зураг төсөл, төлөвлөлт зохион байгуулалтын ажилд үндсэн тулгуур баримт бичиг болох юм.

Мөн түүний хэрэгжилтийг хангах үүрэг бүхий газар зохион байгуулагч, газрын даамлууд өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж орон нутгийн онцлог, нөхцөлд тохирсон байдлаар тухайн жилийн төлөвлөгөөгөө нарийвчлан тодорхойлж уг бодлогыг баримтлан улс, орон нутгийн хөрөнгө оруулалтыг зөв хуваарилах, газар олгох, газар ашиглах, хамгаалах, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах асуудлыг төлөвлөгөөний дагуу эхлэх шаардлагатай юм.

Ер нь улс орны эдийн засгийг үр ашигтай хөгжүүлэх үндэс нь шинжлэх ухааны үндэслэлтэй газар төлөвлөлт дээр суурилсан нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил юм. Манай улсад 2002 онд газрын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар дээрх бодлогыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд төлөвлөн хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн юм. 2002 онд Засгийн газрын 28 дугаар тогтоолоор газар зохион байгуулалт хийх журам, 2007 онд Барилга хот байгуулалтын сайдын 156 тоот тушаалаар аймаг нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах арга зүйн заавар батлагдсан байгаа. Дээрх хууль журмыг үндэслэн улс аймгийн хэмжээнд газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хийж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа.

Тиймээс Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоолоор газрын суурь үнэлгээ шинэчлэн батлагдсантай холбоотойгоор Завхан аймгийн нутаг дэвсгэрт газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд нь 2019 оны 05 дугаар сарын 20-ноос 06 дугаар сарын 21-ний хооронд газар эзэмших эрхийн гэрээгээ шинэчлүүлэн гэрээгээ дүгнүүлж 2019 оны газрын төлбөрийг төлж барагдуулахыг хүсэж байна.

Газрын төлбөр төлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 дахь заалтын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулж байна хэмээн аймгийн ГХБХБГ-аас тус тус мэдээлэв. 

Холбоотой мэдээ