“Мянган угалз” судалгааны төв байгуулжээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-23 12:15:53

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Цэцэг, Мөст, Алтай сумын нутаг дэвсгэрийг дамнан орших “Мянган угалзатын нуруу” нь Монгол Алтайн нурууны нэгэн салбар уулс юм. Тус нуруу нь янгир, аргаль хонины тархалтын цөм нутаг бөгөөд 2002 онд улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.  

Мянган угалзатын нурууны Байгалын цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Ховд их сургууль, “Алтайн нүүдэлчид” ТББ хамтран “Мянган угалзатын нурууны биологийн олон янз байдлын судалгаа” төслийг  2019-2026 онд хэрэгжүүлж байна.  

Төслийг хамтран хэрэгжүүлэгчид өнгөрсөн гуравдугаар сард “Харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан. Энэ хүрээнд  Мянган угалзатын нурууны биологийн олон янз байдлын судалгаа хийх төв байгуулж, зэрлэг ан амьтдад шинжлэх ухааны бодит үндэслэлтэй био-техникийн арга хэмжээ авах, биологийн олон янз байдлын зохистой ашиглалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилт тавьсан байдаг. Үүний дагуу “Мянган угалз” хэмээх судалгааны төв байгуулан энэ оны тавдугаар сард ашиглалтад орууллаа.

Энэ судалгааны төвийг түшиглэн биологийн шинжлэх ухааны салбарт олон залуу судлаач, эрдэмтдийг  бэлтгэх, улмаар мянган угалзатын нурууны биологийн олон янз байдлын өөрчлөлт, түүний учир шалтгааныг шинжлэх ухааны үндэслэлтэй нарийвчлан тодорхойлох ажил хийх боломж бүрдсэн гэж  төсөл хэрэгжүүлэгчид онцлон хэлэв.

Талууд тус судалгааны төвийг түшиглэн 2019 онд Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын орчмын бүсэд Уулын туурайтны тоо толгойн хэлбэлзлийг тогтоох, Цөлжилтийг сааруулах боломжит байдлын үнэлгээ хийх, Өндөр уулын шувууны судалгааны стратегийг боловсруулах, Ургамалжилтын суурин болон маршрутын судалгаа хийх, Мэрэгч туурайтан амьтан, шавжийн судалгаа хийх, Аргаль хонины шилжилт хөдөлгөөнийг тодорхойлох гэсэн 6 томоохон судалгааны ажил хийхээр төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ