Монголд хог хаягдал боловсруулж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-05-23 14:51:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Корпорэйт конвеншн” зочид буудалд өнөөдөр эхэлсэн “Олон улсын шинэ эрчим хүч-2019” чуулганаар ногоон бодлого, ногоон хотжилт, ногоон технологи гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд мэргэжлийн шиинжээчид илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Чуулганы талаар зохион байгуулагч Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Мягмардоржоос тодрууллаа. Тэрээр, “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгоор манай улс Парисын хэлэлцээрт нэгдсэн. 2030 он гэхэд, 2014 оны түвшинтэй харьцуулахад нүүрсхүчлийн ялгарлыг 14 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд, 2030 онд дотоодын сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг 30 хувьд хүргэх юм.




Хоёрт, манай улсын Засгийн газар түүхий нүүрс хэрэглэхийг хориглох зэргээр хот, суурин газрын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд дорвитой бодлогоо хэрэгжүүлж байна. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний салбарт тодорхой шийдлүүд дутагдаж байгаа юм Тиймээс төр, засгийн бодлого, шийдвэрт мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ чуулганыг зохион байгуулж байна” гэсэн юм.

Тэрээр цааш нь хэлэхдээ, “Бид ямар нэг бодлого, дүрэм журмыг шүүмжлэхгүй. Зөвхөн шийдэл гаргана. Ногоон хөгжлийг эрчимжүүлэх бодлого дээр юуг өөрчлөхөөр байна, ногоон хотыг хөгжүүлэхэд ямар шийдлийг хэрэгжүүлэх талаар хөндөж, хог хаягдлыг боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх төсөл гэхчлэн тодорхой шийдлийг хэлэлцэж байна” гэв.

Жишээ нь, манай улсад Их Британийн “Naanovo” гэдэг компани өдөрт 500 тонн хог цэвэрлэж, боловсруулан эрчим хүч үйлдвэрлэн гаргахаар ажиллаж байна.

Тус компанийн байгуулж буй 14 МВт-ын хүчин чадалтай үйлдвэр эхний ээлжинд Биокомбинатын орчмын хогийг ашиглах аж. Хогоо тусгай шүүлтүүрээр боловсруулан шатааж, үнсээр нь блок үйлдвэрлэх юм. Мөн бохир усыг хөргөлтөд ашиглаж, 70 хувийг нь ундны ус болтол цэвэршүүлэн олон улсын стандартын дагуу савлаж гаргах юм. Ингэж 100 хувийн хаягдалгүй үйлдвэрлэл явуулна. Үйлдвэрийг 2020-2021 онд барьж дуусгахаар төлөвлөж байгааг мэргэжилтэн нь тайлбарлалаа. Naanovo” компани дэлхийн 10-аад оронд 12 төсөл хэрэгжүүлсэн туршлагатай, хог хаягдал боловсруулах төслөө Африк, Латин Америкийн хөгжиж буй орнуудад хэрэгжүүлсэн талаар өнөөдрийн чуулганы үеэр танилцуулав.  


Хэлэлцүүлгийн хоёр дахь сэдэв “Ногоон хот”-ыг хөгжүүлэх тухайд, цахилгаан тээврийг хөгжүүлэх нь чухал байгааг оролцогчид онцолж байв. Ялангуяа, энд нийтийн тээврийн хэрэгслийг цахилгаан болгосноор агаарын бохирдлыг 20 хувиар бууруулах техникийн шийдлийн талаар хөндөв. Чуулганы дараа зохион байгуулагчид болон оролцогчид тайлан гаргаж ЗГХЭГ болон салбарын яамд болох БОАЖЯ, ЭХЯ, Эрчим хүчний зохицуулах хороо, нийслэлийн Байгаль орчны газар зэрэг төрийн байгууллагад хүргүүлэх аж. “Бид зөвхөн чуулган зохион байгуулаад зогсохгүй, боловсруулсан тайлангаа хэрэгжүүлэх боломжыг эрж хайн ажиллана. Ирэх жилийн чуулган хүртэл хөөцөлдөнө” гэдгээ зохион байгуулагчид хэлэв.




Манай улс нар, салхины сэргээгдэх эрчим хүчээр дэлхийн хэрэглээний 20 хувийг хангахуйц нөөцтэй ч бас манайд ус, хог хаягдал гээд сэргээгдэх эрчим хүчний бусад эх үүсвэр байгааг ашиглах талаар оролцогчид хөндөж байв. “Сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд дотоодын хэрэглээ маш бага учир Монгол Улс энэ талын эрчим хүчээ экспортлох сайхан боломж бүхий ирээдүй биднийг хүлээж байна. Гэвч улстөрийн нөхцөл байдлаас шалтгаалан эрчим хүчээ экспортлохоо хязгаарласан учир энэ салбар төдийлөн хөгжихгүй байна” гэж чуулганд оролцогч дотоодын мэргэжилтнүүд хэлж байв.

Тодруулга: Манай улсад, одоогоор эргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл 7-8 хувьтай байна. Үүнийг 2020 он гэхэд 20, 2030 онд 30 хувьд хүргэхийг зорьж байгаа юм. Сүүлийн гурван жилд Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний төслийг 430 сая ам.доллароор санхүүжүүлжээ. Манай улсад салхины гурав, нарны таван үйлдвэр ашиглалтад ороод байна.

 

Б.Болд

Гэрэл зургуудыг Б.Чадраабал

Холбоотой мэдээ