Ширээний теннисний ахмад тамирчид Улсын аваргын төлөө өрсөлдөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ахмадын Улсын Аварга шалгаруулах ширээний теннисний 23 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо “Оч” клубт эхэллээ.
Тус тэмцээнийг Монголын
ширээний теннисний холбооны 60 жилийн түүхэн ойн хүрээнд, спортын мастер Чулууны
Отгонбаатар агсны нэрэмжит болгон зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Тэмцээнийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нээж, “Ахмадын Улсын Аварга шалгаруулах
тэмцээнийг багш, дасгалжуулагч, нэрт тамирчин Отгонбаатар агсны нэрэмжит болгон
зохион байгуулж байгаад баяртай байна. БСШУСЯ улсын болон бүсийн спортын олон
уралдаан тэмцээнийг зохион байгуулж, санхүүжүүлж, дэмжин ажиллаж байгаа нь бүх
нийтийг биеийн тамираар хичээллүүлэх, спортыг хөгжүүлэх зорилготой юм. Биеийн
тамир спортын тухай хууль шинэчлэн баталсан нь клуб болон тамирчин, ард иргэдэд
олон боломж нээж өгсөн” гээд
тамирчдад амжилт хүслээ.
Тэмцээнд 60-аас
дээш насны 70 гаруй тамирчин, 70-аас дээш насны 24 тамирчин оролцож байна.
Монгол Улсад анх удаа Азийн өсвөрийн аварга шалгаруулах
тэмцээнийг БСШУСЯ-ны
дэмжлэгтэйгээр энэ 9 дүгээр сард зохион байгуулна. Мөн улс орон
даяар ахмад үеийн залгамж халаа болсон өсвөрийн тамирчдын хүсэн хүлээдэг
Монголын хүүхдийн спортын VI наадам болно.