О.Гүндэгмаа аавыгаа "Хүн шувуу"-гаар мөнхөллөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-24 16:00:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпын мөнгөн медальт тамирчин О.Гүндэгмаа төрсөн өдрөөрөө аавынхаа спортын замналын тухай “Хүн шувуу” баримтат кино, дурсамж ном бүтээжээ. 

Түүний аав Д.Отряд агаарын спортын зууны манлай тамирчин, Олон улсын хэмжээний мастер цолтой хүн байсан юм.

Монголд хамгийн олон буюу 3820 удаа шүхрээр амжилттай газардсан амжилтыг нь өдгөө ч эвдээгүй байгаа юм. Амьдралынхаа сүүлийн мөчийг хүртэл шүхрийн спортоор хичээллэж, 21 аймагт шүхрийн спортыг дэлгэрүүлэх, улсын баяр наадмаар шүхрээр буух үзүүлбэрийг анх санаачилж байжээ.

Д.Отряд 1987 онд Сутай хайрханы /4130 м/ оргилд АН2 онгоцноос 4900 метрийн өндрөөс шүхрээр буусан нь дэлхийд хоёрт, Азидаа анхдагч болсон амжилт аж.

О.Гүндэгмаа аавынхаа эр зоригийн тухай дурсамж баримтат кино, номыг олны хүртээл болгохыг эртнээс бэлтгэж түүхийн ховор архивын цуглуулгаас дээжлэн дэлгэцийн бүтээл болгож чаджээ. Мөн аавтайгаа хамт мөр зэрэгцэн агаарын болон уулын шүхэр, уулын спортоор хичээллэж байсан найз нөхөд, хамт олных нь түүхэн фото агшин, дурсамж яриаг багтаасан байна.

Эр зоригийн бахдал шүхэрчин аавын охин О.Гүндэгмаа Монгол Улсынхаа нэрийг олимп, дэлхий, тивийн тэмцээнд олон удаа гаргаж, 2008 оны Бээжингийн олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн нэрт тамирчин билээ. Одоо долоо дахь удаагаа олимпын наадамд өрсөлдөхөөр бэлтгэл сургуулиа хийж байна.



Холбоотой мэдээ