Дэлхийн шилдэг баримтат киноноос сорчлон үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-24 18:03:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн шилдэг баримтат кинонуудыг Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр үзэх боломжтой болов. Монголынхоо үзэгчдэд шилдэг баримтат киног мэргэжлийн дуу оруулалт, орчуулгатайгаар хүргэхээр “DTV”-ийн хамт олон зорьж, уг төслийн санаачлагчаар Б.Бат-Ундрал ажиллаж байгаа юм.

Тэрбээр " Баримтат киног маань бүх насныхан эх хэл дээрээ мэргэжлийн орчуулга, дуу оруулалттайгаар үзэх боломжтой. Цаашдаа баримтат киноны төрөлжсөн телевизийн суваг байгуулахаар зорьж байна. Одоогоор, дэлхийн том гүрнүүд ил, далд хэрхэн тохиролцдог тухай өгүүлэх “Трамп болон Орос", “Фейсбүүк нийгмийн сүлжээний нууц” баримтат киног үзэгчдийн хүртээл болгоод байна. Долоо хоног бүрийн пүрэв гарагт баримтат кино маань “Юнивишн”-ы видео санд шинээр нэмэгдэж байх юм. Бид маш олон киноноос сонгож, хамгийн сонирхолтой, шилдгийг сорчлон үзүүлэхээр бэлдэж байна" гэв. 

Мөн тэрбээр, "Нийлүүлэгч нар маань ч Монголын талаар маш их сонирхдог. Тэдний хэлж байгаагаар, Америк, Европ тивийн тухай баримтат кино, нэвтрүүлгүүд маш их хийгдэж, ихэнх хүн мэддэг болсон. Одоо баримтат кино бүтээгчид Араб хэмээх том ертөнцийн соёл уламжлалаар кино хийцгээж байна. Үүний дараа мэдээж маш бага хөндөгдсөн нь төв Ази юм. Тэр дундаа Монгол Улсын түүх, соёл дэлхийд хараахан дэлгэгдээгүй, нууцлагдмал байсаар байна гэцгээж байгаа. Монголын соёл уламжлалын талаар кино хийх сонирхолтой, хамтарч ажиллах олон санал ирсэн. Тэгэхээр ирээдүйд Монголынхоо гайхамшигт түүх, соёлыг харуулж танилцуулсан баримтат кино хийх, эргээд дэлхийн зах зээлд эдгээр контент нийлүүлэгч нараар дамжуулан түгээх том боломж нээгдэж байгаа" гэж ярьж байна.

Холбоотой мэдээ