Уран сайхны гимнастикийн энэ оны улсын аваргууд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2019-05-25 15:14:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уран сайхны гимнастикийн 2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23, 24-нд боллоо.

Монголын гимнастикийн холбооноос зохион байгуулсан тус тэмцээнд нийт 17 байгууллагын 250 гаруй тамирчин ганцаарчилсан болон багийн төрлөөр өрсөлдөв.

Тэмцээнийг Олон улсын гимнастикийн холбооны дүрмийн дагуу шүүсэн бөгөөд ерөнхий шүүгчээр Олон улсын шүүгч, спортын мастер Б.Халиун ажиллажээ.

Олон улсын хэмжээний мастер зэргээр нэгдүгээр байрт Х.Ундрам, дэд байрт Э.Энхдалай, гутгаар байрт Э.Элбэрэл, Спортын мастер зэргээр нэгдүгээр байрт Г.Энх-Үжин, дэд байрт Б.Хулан, гутгаар байрт Г.Марал, Спортын дэд мастер зэргээр тэргүүн байрт н.Лхагвацэцэг, дэд байрт н.Гүнчинмаа, гутгаар байрт Д.Золзаяа нар тус тус шалгарав.

Бага нас 6-гаас дээш насны ангилалд тэргүүн байрт С.Бүжинлхам, дэд байрт П.Нинжин, гуравдугаар байрт Г.Ариунболор нар шалгарлаа. Багийн төрөлд тэргүүн байрт 85 дугаар цэцэрлэг, дэд байрт 113 дугаар цэцэрлэг, гутгаар байрт 157 дугаар цэцэрлэг шалгарав.

Тэмцээний 6-аас дээш насны ангилал хамгийн өрсөлдөөнтэй болов. Хэнтий, Орхон аймгаас жил бүр тогтмол оролцдог бөгөөд орон нутгийн тамирчдын ур чадвар жилээс жилд сайжирч байгааг шүүгч нар хэлж байлаа.

“Уран сайхны гимнастикаар хичээллэснээр охид гоо сайхан, хөгжмийн мэдрэмжтэй, хурдтай, хөдөлгөөний бүх чанарыг бүрэн дүүрэн үзүүлэх чадвартай, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй болно. Энэ тэмцээнд Москва хотод амьдардаг бага наснаасаа уран сайхны гимнастикаар хичээллэсэн, 13 настай Д.Золзаяа охин зорин ирж оролцсон нь тэмцээний цар хүрээ тэлж буйг харуулж байна” хэмээн Монголын Гимнастикийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Уран сайхны гимнастикийн олон улсын хэмжээний мастер, олон улсын шүүгч Ч.Отгонцэцэг ярилаа.


Спортын дэд мастер зэргээр хүрэл медаль хүртсэн Москвагийн 17 дугаар сургуулийн долдугаар ангийн сурагч Д.Золзаяа, “Би таван наснаасаа Москвагийн олимпын тамирчид бэлтгэх сургуульд уран сайхны гимнастикаар хичээллэж эхэлсэн. Уран сайхны гимнастикийн 2019 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа амжилттай оролцсондоо их баяртай байна. Гэвч цаг агаар, цагийн зөрүүнээс болж санасандаа хүртэл үзүүлбэрээ хийж чадсангүй. Нутагтаа ирээд монгол дасгалжуулагч нартай ажиллахад зөөлөн санагдсан. Орос дасгалжуулагч нар маш хатуу шаардлага тавьдаг. Тийм ч учраас амжилт гаргадаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.


Энэхүү тэмцээн нь Ази тивийн аварга шалгаруулах болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх сорил тэмцээн болж буйгаараа онцлогтой. Энэ жилийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улс шинэ залуу тамирчдаас бүрдсэн баг бүрэлдэхүүнээрээ оролцох юм.

Олон улсын гимнастикийн холбооноос анх удаа Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ОХУ-ын нийслэл Москва хотноо зохиохоор төлөвлөсөн бөгөөд уг тэмцээнд Монгол Улсын баг тамирчид оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа аж.


Гэрэл зургийг Б.Чадраабал




Холбоотой мэдээ