ОХУ-ын бизнес эрхлэгчид “Эрдэнэт”, “Сүү”, “МАК”-аар зочлов

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-05-27 12:21:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын ХАА, хүнсний компанийн төлөөлөгч нар манай улсад зочиллоо.

Тодруулбал, ОХУ-ын Жижиг, дунд бизнес эрхлэгч экспортлогчдын холбоо, Владимир мужийн экспортыг дэмжих төв, Свердлов мужийн Бизнес дэмжих сангийн шугамаар хойд хөршийн бизнесийн эрхлэгчид манай улсад ирж, МҮХАҮТ-тай хамтран бизнес уулзалт хийлээ.

Уулзалтад МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул, ОХУ-ын Жижиг, дунд бизнес эрхлэгч экспортлогчдын холбооны гүйцэтгэх захирлын орлогч Е.А.Щипкова, Владимир мужийн экспортыг дэмжих төвийн захирлын орлогч Д.А.Меньшев, Свердлов мужийн Бизнес дэмжих сангийн ерөнхий мэргэжилтэн Т.В.Лагунова болон дээрх мужийн бизнес эрхлэгч, ААН компаниудын төлөөлөл оролцов.

ОХУ-аас хуурай сүүний тоног төхөөрөмж, мал эмнэлгийн тарилга, цавуулаггүй гурилын үйлдвэр зэрэг найман компанийн төлөөлөл бүтээгдэхүүнээ танилцуулав. Монголоос 20 гаруй ААН оролцож, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны талаар саналаа солилцлоо.


Уулзалтын талаар МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул, “Энэ удаагийн бизнес уулзалт нь хамтын ажиллагааны өргөн тавцан болж, хоёр талын бизнес эрхлэгчдэд хамтран ажиллах боломж олгож байна. Мөн хоёр талын хөрөнгө оруулалт, стратеги, эдийн засгийн төсөл хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэж найдаж байна” гэв. Бизнес уулзалтын хүрээнд, ОХУ-ын төлөөлөгчид манай томоохон үйлдвэр, аж ахуйн нэгж “Эрдэнэт”, “Сүү”, “МАК” компаниар зочлов.

Холбоотой мэдээ