Тоглолтын орлогоор “Эрдмийн мандал” цэцэрлэгт хүрээлэн байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-05-27 21:03:12
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн 10 жилийн сургуулийг 1998 онд төгсөгчдийн холбооны санаачилгаар Дуу хуурын өлгий нутгаас төрөн гарсан уран бүтээлчид "Дундговь сайхан нутаг" хандивын тоглолтыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

“UB Palace”-ийн концертын их танхимд бүтэн гурван цаг гаруй үргэлжилсэн энэхүү тоглолтод тус аймгаас төрөн гарсан  залуу уран бүтээлчид, дуучид, бүжигчид, жүжигчид, зохиолч, яруу найрагчид оролцжээ.

Харин Дундговь нутгаас төрөн гарсан алдартан, ардын жүжигчид, гавьяатууд, ахмад уран бүтээлчид “Уяхан замбуу тивийн наран” уртын дууг эгшиглүүлж, дараа нь хүндэтгэлийн суудалд уригдан, нутгийнхаа зон олонтой хамт тоглолт үзжээ.

"Дундговь сайхан нутаг" хандивын тоглолтын орлогоор Мандалговь хотноо "Эрдмийн мандал" цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилготой бөгөөд буяны энэхүү үйл ажиллагааг Дундговьчууд сайшаан.дэмжиж байна.

Улаанбаатар хотноо болсон энэхүү тоглолтыг тус аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын найруулагч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Доржсүрэн найруулан тавьжээ. 

Холбоотой мэдээ