Америк-Хятадын худалдааны дайн: Цахилгаан дайнаас нуувчны хориглолтонд шилжсэн нь

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2019-05-29 15:02:59

Худалдааны дайны эхэн үед АНУ, Хятад хоёрын бие биенийхээ эсрэг хэрэгжүүлж байсан стратегийн төлөвлөгөө бүтэлгүйтжээ. Дональд Трампыг хурууны үзүүрээр хуурч дөнгөнө гэж үзэж байсан Бээжин ба шахалт дарамт үзүүлж, гаалийн татвараа өсгөж эхэлмэгц л Хятадын тал бууж өгнө гэж тооцоолж байсан Вашингтон хоёр хоёулаа алдаа гаргасан байна. Аливаа цахилгаан дайн бүтэлгүйтсэний дараа нуувчны зууралдсан хүнд тулалдаан эхэлдэг нь жам ёсны үзэгдэл хэмээн Москва дахь Карнеги төвийн шинжээч Михаил Коростиков дүгнэн бичсэнийг товчлон орчууллаа. 


АНУ-тай хийж буй хэлэлцээний үеэр баримталж байсан уламжлалт зөөлөн чиг шугамаасаа Хятадын удирдлага татгалзахаар шийдэж, улс орноо сунжирсан сөргөлдөөнд бэлтгэж эхлэв бололтой. Ингэнэ гэдгийг сарын өмнө бол төсөөлөхийн аргагүй байсан, гэвч Д.Трампын багийнхны шахалтын дор удаан хугацаанд ухралт хийж байсан Бээжингийн эрх баригчид одоо “улаан шугам”-аа маш тодорхой зурах цаг нэгэнт болсныг ойлгожээ. Хэрвээ БНХАУ-ын дарга Ши Жинпинь ингэж шийдээгүйсэн бол түүний гаргаж буй шийдвэрүүд зөв эсэхэд эргэлзэхэд хүргэж, олон жилийн турш төрийн эрх барихдаа олж авсан нэр хүндэд нь муугаар нөлөөлөх байв.  


Худалдааны дайны гурван асуудал

АНУ-Хятадын худалдааны хэлэлцээний ээлжит үе шат эхлэхийн өмнө буюу 4 дүгээр сарын эхээр Вашингтоны эрх баригчид “гэрээг тун удахгүй байгуулна” гэж мэдэгдэж байв. “Хэрвээ Хятад улс бүгдийг засч залруулна гэж амлах байсан юм бол ер нь анхнаасаа худалдааны дайн өдөөх шаардлага байсан юм уу” гэж “Нью-Йорк таймс” сонинд бичиж байлаа.  


Гэтэл үүний дараахан бүх зүйл төлөвлөснөөс гажиж эхэлжээ. 5 дугаар сарын 6-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Хятадын төлөөлөгчид хэлэлцээний сүүлчийн мөчид дахин тохиролцоо хийхээр оролдож байгаа учраас үүнийх нь төлөө тэднийг шийтгэх нь зүйтэй” гэж мэдэгдэв. 10-ны өдөр тэрбээр хэлсэн ёсоороо Хятадын 200 тэрбум долларын экспортын бараанд ногдуулах татварыг 10-аас 25 хувь болгож өсгөх шийдвэр гаргасан юм. 


Хятадын эрх баригчид ёс журамтай, эелдэг байхыг эцсийн мөч хүртэл хичээж, хэлэлцээг зогсоох шалтгаан алга гэж мэдэгдэж байлаа. Хэлэлцээрт Хятадын төлөөлөгчдийг удирдан оролцож буй шадар сайд Лю Хэ төлөвлөснөөс нэг өдрийн дараа АНУ руу нисэв. Гэвч 10-ны өдөр болсон хэлэлцээ ердөө 90-хөн минут үргэлжилж, хугацаанаасаа өмнө дуусчээ. Хэлэлцээг үргэлжлүүлэх дараагийн өдрийг ч товлосонгүй. 

Бээжин рүү нисэхийнхээ өмнө Лю Хэ мэдэгдэхдээ “хэлэлцээ дуусаагүй, бүх зүйл хэвийн үргэлжилж байгаа бөгөөд аливаа нарийн түвэгтэй хэлэлцээнд багахан хэмжээний асуудал үүсэх нь байдаг л зүйл” гэв. Талуудын хооронд санал зөрөлдөөнийг үүсгэж буй ямар гол асуудлууд байна вэ гэсэн асуултад тэрбээр хэлэлцээ эхэлснээс хойш анх удаагаа шууд хариулсан юм.  


Юуны түрүүнд, хэлэлцээрт гарын үсэг зурахын тулд сүүлийн нэг жилийн хугацаанд Америкийн талаас ногдуулсан бүх татварыг цуцлах ёстой гэсэн болзлыг Хятадын тал тавьж байгаа ажээ. 


Хоёрдугаарт, 2018 оны 11 дүгээр сарын 30-нд Аргентинд хоёр улсын удирдагчдын хийсэн тохиролцоог хэрхэн ойлгох вэ гэдэг тал дээр Бээжин, Вашингтон хоёр нэлээд санал зөрөлдсөн байна. Хоёр удирдагчийн уулзалтын дараа Цагаан ордны цахим хуудсанд нийтэлсэн мэдээлэлд “Хятадын тал худалдааны тэнцвэргүй байдлыг арилгахын тулд АНУ-аас эрчим хүч, хөдөө аж ахуйн болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авахыг зөвшөөрсөн” гэж дурджээ. Харин Лю Хэ 10-ны өдөр ярилцлага өгөхдөө “бид худалдааны тэнцвэргүй байдлыг арилгахад бэлэн байна, гэхдээ ийм тэнцвэргүй байдал үүссэн шалтгааныг шинжлэх ухааны үүднээс нухацтай судлах хэрэгтэй” гэсэн аж.  


Энд мөн оюуны өмчийн асуудал ч яригдаж байгаа. “Барууны технологийг хулгайлах”-ад чиглэсэн төрийн дэмжлэг бүхий бодлого байдаг гэдгийг хятадууд эрс няцааж байгаа юм. Харин технологийн хулгай гарч байгаа гэдгийг Д.Трампад ойр байдаг эдийн засагчид болох Майкл Пиллсбэри, Питер Наварро нар хэлсээр байгаа юм. Хятадын зах зээлд ажиллах хүсэлтэй гадаадын компаниудаас технологио өгөхийг шаардаж байгаагаа Бээжин асуудал үүслээ гэж үзэхгүй байна. Бүх зүйл сайн дурын үндсэн дээр явагдаж байгаа бөгөөд дэлхий дээрх хамгийн том хэрэглээний зах зээлд хэнийг ч хүчээр татаж оруулаагүй шүү дээ.


Гуравдахь зүйл гэвэл, Лю Хэ-гийн ярьснаар бол, хэлэлцээрийн текст “тэнцвэргүй” байгаа нь “нэр төрөө хадгалан үлдэх” боломжийг талуудад олгохгүй байгаа аж. 

Өөрөөр хэлбэл, худалдааны дайн өрнөсөн сүүлийн 10 сарын хугацаанд асуудлуудыг бүхэлд нь хийсвэр байдлаар хэлэлцэж ирсэн бөгөөд одоо энэ бүхнийг бичгэн хэлбэрт оруулж, хоёр орны удирдагчид гарын үсэг зурснаар заавал хэрэгжүүлэх баримт бичиг болгох ёстой. Гэтэл энд асуудал үүсчээ.  


Хятадуудын тактик


Ерөнхийд нь ажиглаваас, хэлэлцээрийн үеэр Хятадын удирдлагын баримталж байсан стратеги нь Дональд Трамп гэсэн хувь хүн рүү чиглэж байсан болохоос биш бусад чухал хүчин зүйлүүдийг харгалзан үзсэнгүй. Хэлэлцээнд оролцож буй Хятадын багийнхан Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны амжилттай хийсэн зүйлийг давтах гэж оролджээ. Ким 2018 оны 6 дугаар сарын 12-нд АНУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн анхны уулзалтынхаа үеэр маш бүдэг бадаг утга бүхий баримт бичигт гарын үсэг зурснаараа Трампыг аргалж дөнгөсөн билээ. Уг баримт бичигт ямар нэгэн амлалтыг биелүүлэх цаг хугацааны талаар дурдаагүй төдийгүй тухайн амлалтын талаар ч ганц үг бичсэнгүй.  Үргэлж л ялж байх хүсэлтэй, хий хуурмаг ялалтанд ч гэсэн дуртай, зөвхөн өөрийгөө дөвийлгөдөг хөлчүү эрийн дүр бол Дональд Трамп мөн гэсэн үүднээс хятадууд стратегиа боловсруулсан байв.   

Гэтэл Умард Солонгостой хийсэн хэлэлцээнд оролцоогүй эдийн засагчид, хуульчид, дипломатчдаас бүрдсэн маш туршлагатай баг Америкийн Ерөнхийлөгчийн ард зогсч байлаа. Түүнээс гадна, Умард Солонгосын талаарх бодлогоос ялгаатай нь гэвэл, хятадуудаар аль болохоор буулт хийлгэх, тэдэнд аль болохоор илүү хүчтэй дарамт шахалт үзүүлэх тал дээр Америкийн хоёр гол улс төрийн нам зөвшилцөн тохиролцоод байгаа юм. “Хятадын тухайд өөрийн чиг шугамыг тууштай баримталж, хатуу ширүүн байх”-ыг уриалсан хүн нь Сенат дахь Ардчилсан намын бүлгийн дарга Чак Шумер шүү дээ. Тэрбээр өөр асуудлаар ерөнхийлөгчтэй огт зөвшилцөн тохиролцож чаддаггүй хүн билээ.


Хятадын тал “дахин тохиролцох” гэж байна хэмээн Трамп хардсан нь сонирхолтой. Баттай бус мэдээллийг үзвэл, 4 дүгээр сарын сүүлч буюу худалдааны дайныг төгсгөл болгох тухай хэлэлцээ боловсруулалтын шатандаа орж байх тэр үед Лю Хэ хэлэлцээнд нэлээд бие даасан байр суурьтай оролцож байжээ. Ши Жинпинь түүнд хувийн зүгээс итгэл үзүүлдэг нь байр суурийг нь улам ч тодотгов.  


Хэлэлцээ дуусах шатандаа ормогц бэлтгэсэн текстийг улс орныг удирддаг Улс төрийн товчоогоор хэлэлцүүлэхээр орууллаа. Харин тус товчоо тохиролцоог зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд уг тохиролцоо нь БНХАУ-ын нэр хүндийг гутаасан гэж үзжээ. Улс төрийн товчооны гишүүдийг бодвол зөвшилцөхийг илүүд үздэг Лю Хэ өөр утга агуулга бүхий текст өвөрлөн Вашингтон руу мордлоо. Уг бичигт АНУ-д буулт хийх талаар огт дурдаагүй байна.  


Хэлэлцээг хийхээр товлосон цаг хугацаа ч мөн тохиромжгүй байлаа. Хоёр тал татварын дайн хийж байх хооронд Хятадын үндэсний ухамсрыг сэргээхэд маш чухал ач холбогдолтой хоёр үйл явдлын ойг Бээжинд тэмдэглэжээ. Энэ нь эх орончдын “5 дугаар сарын 4-ний хөдөлгөөн”-ий 100 жилийн ой ба Белград дахь Хятадын Элчин сайдын яамны барилгыг НАТО бөмбөгдсөнөөс хойш 20 жил өнгөрснийг тэмдэглэсэн явдал юм. Энэ хоёр ой нь империализм ба барууны орнуудын доромжлолыг сөрөн зогсоно гэсэн утга агуулгатай бөгөөд энэ өдрүүдэд АНУ-тай тэгш бус гэрээ байгуулах аваас Ши Жинпиний нэр хүндэд хүчтэй цохилт болох байлаа. Ийм хүчин зүйлийн нөлөөг хэтрүүлэн үнэлэх хэрэггүй л дээ, гэхдээ хэлэлцээний уур амьсгалыг бүрдүүлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь мэдээж.   


Америкчуудын тактик


АНУ-ын зүгээс эхэндээ гурван хэсэг шаардлагыг Хятадад тавьсан: Америкаас худалдан авч буй барааныхаа хэмжээг нэмэгдүүлэх, оюуны өмчийг хамгаалах явдлыг сайжруулах, аж үйлдвэрийн бодлогоо өөрчлөх. 


Эхний шаардлагын тухайд талууд тэр даруй тохиролцоонд хүрч чадсан байна. Хэлэлцээр байгуулсны дараа Америкийн барааг худалдан авахын тулд нэмж 1,2 их наяд доллар зарцуулна гэдгээ Бээжин амлалаа. 


Дараагийн шаардлагыг биелүүлэхэд ч мөн төдийлөн бэрхшээл учирсангүй. Технологи хулгайлах явдлыг хөхиүлэн дэмждэг гэдгээ Хятадын тал хүлээн зөвшөөрөөгүй боловч хэлэлцээ дуусахаас өмнө хэд хэдэн хууль баталсан юм. Тухайлбал, 3 дугаар сарын 15-нд баталсан “Гадаадын хөрөнгө оруулалт”-ын тухай шинэ хуулинд “захиргааны албадлагын арга хэрэглэн технологи шилжүүлэхийг шаардах” явдлыг шууд хориглосон байна. 


Эдгээр арга хэмжээг хангалтгүй гэж үзэх хүмүүс АНУ-д байж л таараа. Гэхдээ Хятадын засгийн газар ийм шаардлагуудыг хэлэлцэхэд бэлэн байлаа. Харин нухацтай хэлэлцэхэд бэлэн биш байсан асуудал бол гуравдахь шаардлага буюу Хятадын тал аж үйлдвэрийн бодлогоо өөрчлөх явдал байлаа.


Энэ тал дээр нөхцөл байдал ямар байгааг Хятадын удирдлагад ойр байдаг, нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн профессор South China Morning Post сонинд ярилцлага өгөхдөө тайлбарласан юм. “Хэрвээ үүнийг хүлээн зөвшөөрөх аваас Хятад улс өөрийн хөгжлийн загвараас бүрэн татгалзахаас аргагүйд хүрэх бөгөөд амиа хорлож буй хэрэг болно. Бүх зүйлийг цэгнэн дүгнэсний үндсэн дээр Хятад улс 25 хувийн татварыг л зөвшөөрөх болов уу. Бид үүнийг даваад гарч чадна, ямар ч үр дагавартай байсан гэлээ тэсээд л гарна” гэж профессор ярилаа.    


Гол хэдэн асуудлаар, тухайлбал, валютын зохицуулалт, зах зээлд нэвтрэх дүрэм журам, улсын үйлдвэрийн газруудад олгож буй татаасын асуудлаар шинэчлэл хийнэ гэсэн үүргийг Хятадын тал хүлээж, гэрээнд тусгахыг америкчууд шаардаж байлаа. Мөн эдгээр амлалтаа биелүүлж байгаа эсэхийг хянах боломжийг Америкийн талд олгох механизмыг бий болгохыг шаарджээ. Ингээд 4 дүгээр сарын 10-нд гаргасан мэдээлэлд “гарын үсэг зурж тохиролцсон зүйлүүдийн биелэлтийг хянах зорилго бүхий бүтцүүдийг байгуулахаар талууд зөвшилцлөө” гэж дурдсан байлаа. 


Хэлэлцээнд оролцож буй америкчууд “Хятадыг амархан гэгч нь буулгаж авна” гэж үзэж байсан бололтой. Ингэж бодох нь учир шалтгаантай аж. Өнгөрсөн оны хавар Хятадын ZTE корпораци АНУ-ын хоригийн улмаас үйл ажиллагаагаа зогсоох тун дөхсөн бөгөөд шалтгаан нь тус компани Америкт үйлдвэрлэсэн эд ангиудыг Иранд нийлүүлсэнтэй холбоотой байжээ.   


Ийм байдлаас гарахын тулд тус компани 1,4 тэрбум долларын асар их хэмжээний торгууль төлж, удирдлагад байсан хүмүүсийнхээ ихэнхийг халж, компани дотроо хоригийг сахих хэлтэс гэдгийг байгуулсан байна. Уг хэлтсийн ажилтнуудыг АНУ-ын Сангийн яам сонгон шалгаруулжээ. Ер нь бол, америкчуудын хувьд Хятадын эдийн засагт бүхэлд нь ийм байдлаар хандахаар төлөвлөж байсан бололтой. Хэрвээ үүнийг зөвшөөрвөл Ши Жинпиний нэр хүнд шалдаа унах байлаа. БНХАУ-ын дарга тэрбээр өөрийгөө улс төрийн тогтолцооны цөм гэж зарлан тунхагласан бөгөөд өөрийн үзэл санааг Коммунист намын дүрмэнд оруулж мөнхжүүлсэн юм.


Ши Жинпинь бол “хятад мөрөөдөл”-ийг хэрэгжүүлэх, хятад үндэстнийг сэргээн мандуулах, “Нэг бүс, нэг зам”-ын тусламжтайгаар тус улсыг дэлхийн төв болгохоор түүхэнд заяагдсан хүн бөгөөд Цинь Шихуан, Мао Зэдун, Дэн Сяопин нартай эн зэрэгцэх хүн гэж хойч үеийнхнийхээ ой тоонд үлдэх ёстой. Ийм учраас тэрбээр өмнөх удирдагчдаас дээгүүр байж, тэднээс илүү удаан хугацаанд улс орноо удирдах ёстой бөгөөд жирийн улстөрчдөд үйлчилдэг дүрэм журам түүнд огт хамаагүй юм.


Хэрвээ тэрбээр Хятадын эдийн засгийн гайхамшгийн гол хөдөлгүүрүүдийг АНУ-ын эрх ашигт нийцүүлэн бусниулах аваас Хятадын орчин үеийн түүхэн дэх хамгийн муу удирдагч гэж түүхэнд бичигдэх байлаа. Мэдээж хэрэг, авторитар улс төрийн тогтолцооны үед сонгуульд ялагдах аюул байхгүй л дээ, гэхдээ АНУ-ын тавьж буй нөхцөл болзлуудыг бүгдийг нь хүлээж авах нь дээд зиндааныхны дотор нэг болон хэд хэдэн сөрөг хүчний фракци үүсэхэд хүргэж магадгүй юм.  


Худалдааны дайны нуувчин дотор  


Худалдааны дайн дөнгөж эхэлсэн тэр үеэс л Хятадын засгийн газар сунжирсан дайнд идэвхтэйгээр бэлтгэж ирсэн бөгөөд  Америкийн тал татвараа өсгөх үед эдийн засгаа идэвхжүүлэх янз бүрийн аргуудыг хэрэглэсээр иржээ. Засгийн газрын зүгээс эдийн засгийн өсөлтийг дэмжих үүднээс санхүүгийн хяналтыг сулруулж, дэд бүтцэд дахиад мөнгө оруулна гэдгээ 2018 оны 7 дугаар сард мэдэгдлээ. Ерөнхий сайд Ли Көцян 2019 оны 3 дугаар сард мэдэгдэхдээ “298 тэрбум долларын бараанд ногдуулах татварыг бууруулна” гэв. Өмнө нь 2018 онд 195 тэрбум долларын бараанд ногдуулах татварыг бууруулах шийдвэр гаргаж байсан юм.   


Урт хугацаанд бол ийм бодлого нь Хятадын эдийн засагт сайн зүйлийг авчрахгүй ээ. Улс орон өрийн нүхнээс гарах гэж оролдож буй энэ үед ийм бодлого нь нүхийг улам ч гүнзгий болгоно. Харин ойрын хугацаанд бол гаалийн татварын цохилтыг тэсч гарах боломжийг Хятадад олгох ба 2019 оны Хятад улс ба 1842 оны Хятад улс бол хоёр өөр улс шүү гэдгийг АНУ-д харуулах болно.   


Хятадын нөхцөл байдлыг хүндрүүлэх олон арга саамыг америкчууд олно гэдэг нь тодорхой. Тухайлбал, Qualcomm чипийг импортлохыг хориглож магадгүй. Хятадын цахим аж үйлдвэрийн нэлээд хэсэг нь энэ чипний үйлдвэрлэл дээр тогтдог билээ. Хариуд нь, Хятад улс өөрийн худалдан авсан 1,2 их наяд долларын Америкийн өрийн бичгийг зарж эхэлж магадгүй. Ингэснээр АНУ-ын хувьд облигацийн хүү нь нэмэгдэх бөгөөд үүний улмаас тус улсын эдийн засгийн өсөлт удааширна.


Хятад улс иргэдээ сунжирсан урт сөргөлдөөнд улс төрийн талаар бэлтгээд эхэлчихжээ. 5 дугаар сарын дундуур хоёр тал гаалийн татвараа харилцан өсгөж байх зуур Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хатуу ширүүн өнгө аястай нийтлэлүүд гарч эхлэв. “Хуанжю шибао” сонины тэргүүн өгүүлэлд “Америкийн тал шунахайн сэдлээр энэ дайныг өдөөж байна” гэснийг Хятадын төрийн мэдэлд байдаг гол мэдээллийн хэрэгслүүдээр хуулбарлан цацжээ.  


Телевизийн CCTV-1 сувгийн нэвтрүүлэгчийн уншсан мэдээний текст нь нэг талаас Мао Зэдун үг хэлж байгаа мэт, нөгөөтэйгүүр Дундад зууны үеийн хятад романоос иш татаж буй мэт санагдахаар байсан нь жинхэнэ ёсоор дуулиан тарилаа. “Ши Жинпинь даргын хэлснээр, Хятадын эдийн засаг бол цөөрөм биш тэнгис юм. Аадар бороо цөөрмийг эвдэж чадах боловч тэнгисийг яаж ч чадахгүй. Тоо томшгүй олон удаа аадар бороо орсны дараа тэнгис далай хөдөлшгүй бат хэвээр үлдэх болно”. Хэдхэн өдрийн дотор энэ бичлэг 3 сая гаруй хандалт авсан аж. 


Худалдааны дайны эхэн үед хоёр талын баримталж байсан стратеги бүтэлгүйтжээ. Дональд Трампыг хурууны үзүүрээр хуурч дөнгөнө гэж үзэж байсан Бээжин, шахалт дарамт үзүүлж эхэлмэгц л, гаалийн татвараа өсгөмөгц л Хятадын тал бууж өгнө гэж тооцооолж байсан Вашингтон хоёрын аль аль нь  алдаа гаргасан байна. Хоромхон зуурын цахилгаан дайн бүтэлгүйтсэний дараа нуувчны зууралдсан хүнд тулалдаан эхэлдэг нь жам ёс, гэхдээ эцсийн дүндээ энэ бүхэн эвлэрлээр төгсөх ёстой. Эвлэрэл тогтоох хүртлээ хоёр тал бие биедээ болон дэлхийн эдийн засагт хэр их хохирол учруулах вэ гэдэгт л асуудлын гол нь оршиж байгаа юм.


Орчуулсан Б.Адъяахүү

Эх сурвалж: https://inosmi.ru/politic/20190522/245127014.html?fbclid=IwAR1I7j062T22_sT64lY0w1EMraJ41pgBlZYoqjXrXzTPzdXdHAX6j-lx6AI

     

 

 

 

Холбоотой мэдээ