Залуу зураачид бүтээлээ дэлгэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон Улсын хүүхдийн баярт зориулсан “Toy Art" чиглэлийн анхны үзэсгэлэн энэ сарын 31-ний 17.00 цагаас "Сэнгэраги" галерейд нээлтээ хийнэ.
"Mad Nomad" хэмээх өвөрмөц нэртэй үзэсгэлэнд таван залуу уран бүтээлч хамтран нүүдэлчдийн баатарлаг дайчин, үлгэр домгийн бүтээлээ дэлгэх гэж байна. Залуу зураачид иллюстрэшн, анимейшн, комикс, шивээс, монгол зураг, дижитал арт, 3D арт төрлөөр уран бүтээл туурвидаг . Анхныхаа энэ үзэсгэлэнд 24 бүтээлээ дэлгэн харуулна.
Анимейшн бүтээлч Ц.Оргил “Супер баатар” бүтээлээрээ, монгол зураач М.Чингис “Улаан чөтгөр”, 3D бүтээлч Г.Доржрагчаа “Нүүдэлчин Мүнни”, иллюстрэшн бүтээлч Т.Түвшинтөр “Хувилай хаан авд”, комикс бүтээлч Б.Цолмонбаяр “Нүгэлтнүүдийг гэсгээгч сахиус” гэсэн содон бүтээлээсээ тавих юм байна. Үзэсгэлэн зургадугаар сарын 4-нд олны хүртээл болно гэж мэдээллээ.