Япон, ОХУ-ын “2+2” уулзалт Токио хотноо болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-05-30 10:03:18

ТОКИО. /NHK/. Япон, ОХУ-ын Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нар пүрэв гарагт Токио хотноо уулзана. Талууд БНАСАУ-ын  нөхцөл байдал болон хоёр орны аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна.


Япон, ОХУ-ын сайд нарын түвшний “2+2 хэлбэрийн уулзалтыг 2013 оноос зохион байгуулж эхэлсэн юм. Өнөөдөр болох дөрөв дэх удаагийн уулзалтад Японы Гадаад хэргийн сайд Таро Коно, Батлан хамгаалахын сайд Такэши Ивая болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар оролцоно.


БНАСАУ энэ сарын эхээр ойрын тусгалт баллистик пуужин харвах туршилт явуулсан юм. Японы тал НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг цохон тэмдэглэж, БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлд хамтран ажиллана гэдгээ дахин нотлохоор төлөвлөж  байна. Мөн БНАСАУ-д хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг зохицуулахад хамтран ажиллахыг хүсэх ажээ.


2+2 уулзалтын дараа дөрвөн сайд хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Баасан гарагт Гадаад хэргийн сайд нар найрамдлын гэрээний талаар хэлэлцээ хийнэ. Японы Засгийн газар дөрвөн арлыг улсынхаа нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг хэмээн үзэж, Дэлхийн хоёрдугаар дайны дараа хууль бусаар эзлэгдсэн хэмээн мэдэгддэг юм. 

Холбоотой мэдээ