Сэргээн засах хөгжлийн төв 11 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-31 19:00:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын 35 сая ам.долларын буцалтгүй тусламжаар баригдсан 250 өвчтөн хүлээн авах хүчин чадал бүхий “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-ийг өнөөдөр албан ёсоор нээв.


Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХНХ-ын сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон бусад албаныхан оролцлоо.



“Монгол Улсад 105 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Эдгээрээс 11 мянга буюу 10 орчим хувь нь 17 хүртэлх насны хүүхэд байна. Тэдгээр хүүхдэд анхаарал хандуулж, хүрч ажиллах ёстой” гэж тус төвийн нээлтийн үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. Тэрээр, “Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар, 2019-2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарласан. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй эцэг, эхэд олгож буй асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргана. Энэ жил 6 аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, нийслэлд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолборын барилгын ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна” гэв.


УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрийг хөгжлийн үйлчилгээнд хамруулахын төлөө анхаарч, хүүхэд бүрт тохирсон сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг хүргэх нь тус төвийн эрхэм зорилго. Ирээдүйд нийгмийн амьдралд бие даан оролцох, хөдөлмөр эрхлэх, амьдрал ахуйгаа өөрөө авч явах чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд анхаарч ажиллана” гэв.



Баянгол дүүргийн 20 дугаар хороонд баригдсан энэхүү төв нь 250 өвчтөн хүлээн авахаас гадна мөн тооны хүүхдэд амбулаторийн үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай юм байна. Тус төв нь хүлээн авах тасаг, нөхөн сэргээлтийн тасагтай төдийгүй нөхөн сэргээлтийн сургалтын төвтэй аж. Өдөрт 500 хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчийн хамт сэргээн засах эмчилгээ, сургалтад хамруулах боломжтой. Мөн тус төвд хөдөө орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг, эхийн хамтаар 14-21 хоногоор хэвтэн эмчлүүлэх боломжтой аж. Түүнчлэн нарийн багажийн шинжилгээ, оношлогоо, сэргээн засах хөдөлгөөн засал, ахуй засал, хэл заслын эмчилгээ, шаардлагатай туслах хэрэгсэл буюу протез, ортопед хийлгэн авах зэрэг олон үйлчилгээ авах боломжтой юм байна.



Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, энэхүү төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй тулж ажиллахад мэргэжлийн эмч, сувилагч, сэтгэлзүйчийг мэргэшүүлэхэд анхаарах хэрэгтэй”-г онцолсон. 


БНХАУ-аас тус төвийн барилгыг өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд монголын талд хүлээлгэн өгсөн бөгөөд, тус улсаас манай улсад суугаа Элчин сайд Шин Хай Мин ХНХ-ын сайд С.Чинзоригт түлхүүрийг нь гардуулж байв. Энэ үеэр, тус улсын төлөөлөл,  энэхүү төв нь хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн бэлэг болж байгааг онцлон тэмдэглэсэн юм. 


Дашрамд дурдахад, Энэ оны долоодугаар сарын 2,3-нд Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд хамруулан хөгжүүлэх асуудлаарх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгресс манай оронд болно. Энэ конгрессоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд хүртээмжтэй нийгмийг хөгжүүлэхийн төлөө бүсийн улс орнуудын туршлага, сургамжыг судлаж суралцахын зэрэгцээ манай улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн, ач холбогдлын талаар бусад улс орнуудад танилцуулах юм байна.

Холбоотой мэдээ