Салхитын ордын хөрөнгө оруулагчийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь луйвардсан тухай гомдол ЦЕГ-т иржээ

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-06-06 10:25:55

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын мөнгөний ордод 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараар ахлуулсан тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүн Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу, прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа зохион байгуулсан юм.

Яг энэ томьёоллоор АМГТГ-аас Салхитын ордын 2043, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан тухай тус ордод үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн компанид ч мэдэгдсэн байдаг.  


Тухайн үед “Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн, татвараа нуун дарагдуулсан, худлаа мэдээлсэн, авлига хээл хахуулийн хэрэгт орооцолдсон, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн удирдлагууд нь хөрөнгө оруулалт дээрээ маргаантай яваа” гэсэн маш олон ташаа мэдээллүүд цацагдсан. Гэтэл үнэн хэрэгтээ хөрөнгө оруулагчдын хоорондын маргаан бус хөрөнгө оруулагч нь Монгол Улсад төлөөлж байсан итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө луйвардуулсан байж болзошгүй асуудал одоо манай улсын Цагдаагийн байгууллагад шалгагдаж эхлээд байгаа юм байна.


Шинээр олдсон нэгэн баримтыг иш татья.


АМГТГ-ын 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 1/1898 тоот албан бичигт “...Тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байсан “Жи Пи Эф” ХХК-ийн эцсийн өмчлөгч “Аминбилэгт” ХХК-ийн үүсгэн байгуулагч болох нэр бүхий гурван иргэний хувьцааны өмчлөлийн хувь хэмжээнд 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нийт гурван удаа өөрчлөлт орсон ба энэ өөрчлөлтийг харьяа татварын албанд бүртгүүлээгүй үйлдэл илэрсэн байна. Энэ үйлдлүүд нь Ашигт малтмалын тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон аж. Өөрөөр хэлбэл, Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг цуцалсан АМГТГ-ын үндэслэл нь энэ юм байна.


Ингэхээр БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн удирдлагууд нь хөрөнгө оруулалт дээрээ маргаантай яваа гэсэн мэдээлэл ташаа мэдээлэл болж байна гэсэн үг.


Харин “Жи Пи Эф” ХХК-ийг анх худалдан авч байсан Жин Жиан Мин оруулсан хөрөнгөө нэхэмжилж, итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу нэгэн цагт жолооч нь явсан Чен Бангфа гэгчтэй маргаж байгаа юм байна. Түүнээс “Жи Пи Эф” ХХК-ийг, Салхитын ордын лицензтэй хамт хэл үгэнд ороод байгаа Ш.Мөнгөншагай нар шүүхийн хүчээр буцааж дээрэмдэж авсан ч дараа нь Салхитын ордыг тойрсон авлигын маш ноцтой сүлжээ үүссэн нь илчлэгдсэн юм байна. Ийм ноцтой байдал үүссэн учраас Монгол Улсын засаг төр шийдээд лицензийг цуцлан, улсын мэдэлд аваад байгаа юм.


Хэрэг явдал нэгэнт ингэж өрнөж байгаа учраас 2012 онд анх хайгуулын лицензүүдийг худалдаж аваад, нэлээд хэмжээний хөрөнгө оруулсан БНХАУ-ын бизнесмен Жин Жиан Мин одоо өөртөө тохиолдсон асуудлыг ярьж эхлээд байна. Тодруулбал, Салхитын ордын хөрөнгө оруулагч, БНХАУ-ын иргэн Жин Жиан Мин хөрөнгө оруулалтаа нотлох бүхий л бичиг баримтыг БНХАУ-ын Нотариатын газар, БНХАУ-ын Гадаад харилцааны яам, Бээжинд суугаа Монгол Улсын ЭСЯ-аар давхар баталгаажуулаад манай улсын ЦЕГ-т ирүүлээд байгаа ажээ.


БНХАУ-ын иргэн Жин Жиан Миний хувьд, 2011 оны тавдугаар сард өөрийн ажилладаг “Нинша Шинтай Эрчим хүч хурд” компанийн нэрийн өмнөөс Монгол Улсад компани байгуулах, гарын үсэг зурах итгэмжлэлийг туслах нь, бас жолооч нь байсан Чен Бангфад 30 хоногийн хугацаатай хийж өгчээ. Энэ дагуу Чен Бангфа “Си Си Эм Икс” ХХК-ийг байгуулсан байна. Тиймээс компанийн үйл ажиллагааны зардалд Чен Бангфагийн Голомт банк дахь данс руу 2011 оны тавдугаар сарын 23-нд 20 сая юань шилжүүлсэн байна. 2012 оны дөрөвдүгээр сард “Жи Пи Эф” ХХК-ийг ашигт малтмалын гурван лицензтэй нь авахаар шийдсэн байна. Дараа нь 2013 оны тавдугаар сарын 14-нд 10 сая юань, есдүгээр сарын 23-нд 5.0 сая юань, есдүгээр сарын 25-нд 10 сая юань, арваннэгдүгээр сарын 7-нд 5.0 сая юань, 2014 оны тавдугаар сарын 9-нд 1.0 сая юань, зургадугаар сарын 10-нд 1.0 сая юань, зургадугаар сарын 20-нд 5.0 сая юань тус тус шилжүүлжээ. Ингэсээр нийт 57 сая юань шилжүүлсэн байна. Дээрх мөнгөөр компани худалдаж авч, хайгуулын нэг лицензийг нь А буюу ашиглалтын болгох ажлыг хийж, тоног төхөөрөмж худалдан авахад зориулсан байгаа юм. Улмаар Дундговь аймгийн Гурвансайхан суманд Баяжуулах үйлдвэр хүртэл барьжээ. Ингээд компани нь ч үйл ажиллагаа нь жигдэрч, Жин Жиан Миний шилжүүлдэг мөнгө Чен Бангфагийн хувийн дансаар биш компани руу шилждэг болсон байна.


Сүүлдээ компанийн санхүү нэг л асуудалтай болоод байсан учир Жин Жиан Мин 2015 оны тавдугаар сараас өөрөө “Жи Пи Эф” ХХК-ийг удирдах болсон байна. Ингээд санхүүгээ шалгахад жолооч нь байсан Чен Бангфа нь Голомт банканд 15-16 данс нээчихсэн байсан төдийгүй маш их зарлагын баримт илэрчээ. Мөн хувьдаа LX-570 автомашин, найз хүүхэндээ 161.7 мкв орон сууц худалдаж авсан байв. Түүнчлэн Чен Бангфа “Жи Пи Эф” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, захирал гэж энд тэнд өөрийгөө танилцуулж, албан бичиг илгээж, ер нь л  будлиулчихсан байжээ. Тухайн үед “Жи Пи Эф” ХХК-ийн Монгол талын захирлаар ажиллаж байсан Ц.Өнөрцэцэг “…Чен Бангфа “Жи Пи Эф” ХХК-ийг худалдаж аваад намайг захирлаар ажиллуулсан. 800 мянган ам.долларыг миний данс руу шилжүүлж, би Жаргаланд тэр мөнгийг бэлнээр өгсөн. 2015 онд Жин Жиан Мин ирээд Чен Бангфагаас компанийн тамга тэмдгийг хурааж авсан” гэж ярьсан байдаг. Бас Ш.Мөнгөншагайгийн хүргэн Г.Жаргалан “…2010 онд Ш.Мөнгөншагай бид хоёр “Жи Пи Эф” ХХК-ийг би 40 хувь, Ш.Мөнгөншагай 60 хувийг эзэмших эрхтэйгээр үүсгэн байгуулсан. Тухайн үед компани хайгуулын гурван лицензтэй байсан ба 2012 онд компаниа хайгуулын лицензүүдийнх нь хамт зарахаар болж, 800 мянган ам.доллароор бүх хувьцаагаа Чен Бангфагийн нэр дээр шилжүүлсэн. Сүүлдээ хувь хүний нэр дээр болохгүй юм байна гээд “Си Си Эм Икс” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн” гэжээ. Товчхондоо, ийм л явдал болсон байгаа юм. Үүнээс хойш нэгэн цагт дарга нь явсан Жин Жиан Минд өсөрхсөн Чен Бангфа ямар нэг аргаар дээрх лиценз бүхий “Жи Пи Эф” ХХК-ийг Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нарт буцаан өгүүлэхийн төлөө хүчин зүтгэж эхэлсэн байна.


Мөн Чен Бангфаг өөртөө элсүүлсэн Ш.Мөнгөншагай гэгч шүүхэд хандаад эхлэх үед нь “Си Си Эм Икс”-ийн жинхэнэ эзэн, “Жи Пи Эф”-ийг, лицензтэй нь худалдаж авсан, Салхитын ордын хөрөнгө оруулагч жинхэнэ эзэн Жин Жиан Мин УМБГ-т ханджээ. Учир нь жолооч нь байсан Чен Бангфа компанийг нь энд ёстой л бужигнуулж өгч байгааг тэр мэдсэн хэрэг. Ингээд Хятадын бизнесмен Жин Жиан Мин манай улсын Цагдаагийн байгууллагад албан ёсоор хандсан байна. УМБГ ч Жин Жиан Миний гомдлын дагуу 2015 оны наймдугаар сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Гэсэн ч тэр үед хүчийг аваад байсан Ш.Мөнгөншагайтай нийлсэн Чен Бангфа 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Монгол дахь түншүүдээрээ дамжуулж хэргээ хэрэгсэхгүй болгуулж чадсан байна. Түүх нь ийм аж. Одоо бодит үнэнийг манай Цагдаагийн байгууллага тогтоохоор ажиллаж байна. Эзнээ тоносон дээрэмчинд удаа дараа, шат шатандаа арай худалдагдахгүй биз ээ. Тэд бол энэ мэт гадна дотны үл бүтэх нөхдүүд үгсэн хуйвалдаж, гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмддэг эрүүгийн хэргүүдийг шударгаар таслан зогсоох, бизнесийн орчныг эрүүлжүүлэх, улмаар улсынхаа нэр хүндийг хамгаалах, Монголын нутаг дэвсгэр дээр хууль бус дээрэм тонуул явагдахыг зогсоох үүрэгтэй билээ.   Г.Эрдэнэбат

Холбоотой мэдээ