УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.27 цагт эхэллээ. Чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.
Үдээс өмнөх хуралдаанар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэх бөгөөд Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэнэ. Эдгээр асуудлыг хэлэлцсэний дараа даргын зөвлөл хуралдаж, үдээс хойших хуралдаанаар хэлэлцэх асуудлыг төлөвлөнө гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн авснаас хойш ажлын 15 хоногт хэлэлцэх ёстой. Тиймээс энэ долоо хоногт хэлэлцэхгүй бол хугацаа тулах эрсдэл байгааг хэлсэн.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, “Үдээс хойших хуралдаанаар, УИХ-ын нэр бүхий гишүүдээс Тавантолгойн нүүрсний ордын ажиллагааны талаарх мэдээллийг сонсох асуулга тавьсан. “Эрдэнэс таван толгой” 2011 оноос хойш 24.2 сая тонн нүүрс олборлосон байна. Олборлолтын зардал их байна. Монгол Улсын иргэн бүр тус компанийн 1072 хувьцаа эзэмшиж байгаа тул, уурхайн ажлын талаарх мэдээллийг нийтэд сонсгох шаардлагатай” гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар, үдээс хойш 14.30 цагт даргын зөвлөлийн хурлаар үдээс хойших хуралдаанаар хэлэлцэх асуудлыг шийдвэрлэнэ. Тавантолгойн талаар мэдээлэл сонсох УИХ-ын гишүүн С.Бямбацогтын 4 дүгээр сарын 12-нд ирүүлсэн асуулга хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон байна. Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ” гэв.
Ингээд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын гаргасан Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг үдээс хойш хэлэлцэх горимын саналаар санал хураахад гишүүд дэмжсэнгүй. Тус дүгнэлтийг УИХ-ын Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороод хэлэлцэж, хүлээж авах боломжгүй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн юм.
Үргэлжлүүлэн, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.