“Уураа тэвчих нэг хором - Ухаалаг амьдралын зам” болохыг хүүхдүүд бүтээлээр илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-06-07 23:04:53

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ГХУСАЗЗ, Цагдаагийн газар хамтран “Уураа тэвчих нэг хором - Ухаалаг амьдралын зам” сэдэвт гар зураг, эсээ бичлэг, шүлгийн уралдааныг хүүхдүүдийн дунд зохион байгуулж дүнгээ гаргалаа.

Уралдаанд ерөнхий боловсролын 22 сургуулийн 246 бүлгийн 2515 хүүхэд бүтээлээ ирүүлсэн байна. Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй тус уралдаанд хүүхдийн оролцоо урьд жилүүдээс илүү байсан бөгөөд бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэж сурахад өөрийгөө болон үеийн найз нөхдөө уриалан дуудсан үзэл санааг бүтээлдээ голлон тусгасныг зохион байгуулагчид хэлж байв.

Уралдаанд Хархорин сумын ерөнхий боловсролын 2-р сургуулиас 19 бүлгийн 297 сурагч оролцсон тул “Хамгийн санаачилгатай сургууль”-аар, Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 7г анги хамт олноороо оролцсон тул “Хамгийн идэвхтэй анги”-аар тус тус шалгаруулжээ.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн ойлголт, хор уршиг, үр дагаврын талаар хүүхдүүдийн дуу хоолойг сонсох, оролцоог хангах, хүүхдүүдийн бүтээлээр дамжуулан иргэд, олон нийтийг энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор тус уралдааныг жил бүр зохион байгуулдаг аж.

Холбоотой мэдээ