"НордАрт" олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монголын 23 уран бүтээлч оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2019-06-08 10:54:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Бюделсдорф хотноо болж буй "НордАрт" олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монголын 23 уран бүтээлч, 53 бүтээлээрээ олны мэлмийг мялааж байна.


Европтоо нэр хүндтэй, томоохон олон улсын дүрслэх урлагийн энэхүү үзэсгэлэнд дэлхийн 100 гаруй орны 3000 гаруй уран бүтээлчийн бүтээлээс шалгарсан 371 зураач оролцож байна. 2015 онд Монгол Улс онцлох орноор сонгогдож “Модерн шилжилт-шинэ төрх” нэртэй бие даасан лангуугаар анх удаа гараагаа эхэлсэн бол энэ жилийн хувьд, тусгай төслийн хүрээнд 23 уран бүтээлч оролцож буй юм. Тодруулбал, Төрийн соёрхолт Л.Ганхуяг, С.Саранцацралт, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Дагвадорж болон дунд, залуу үеийн уран бүтээлчдийн туурвилууд олон улсын урлаг сонирхогчид, шүүмжлэгч нарын хүртээл болж байна. Монгол уран бүтээлчдийн лангууг Монгол Улсын Соёлын Элч, куратор О.Оюунтуяа болон урлагийн түүхч, куратор Ж.Бодьбаатар нар “Хөрстөд оршихуй- Хүршгүйтэй учрахуй” сэдвийн хүрээнд дэглэсэн байна.


"НордАрт" 2019 олон улсын үзэсгэлэнгийн албан ёсны нээлтэд Шлесвиг Холштайн мужийн захирагч ноён Даниел Гунтер, Шлесвиг Холштайн мужийн Их хурлын дарга Клаус Шлий, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганба нар оролцлоо.


Энэ үеэр үзэсгэлэнгийн зохион байгуулагч Шлесвиг Холштайн мужийн захирагч ноён Даниел Гунтер, "Энэхүү үзэсгэлэн олон улсын уран бүтээлчдийн оюун санааны солилцооны төв цэг. Монгол Улс болон манай мужийн соёл урлаг, эдийн засаг, улс төрийн тогтвортой хамтын ажиллагаа гүнзгийрэн бэхжиж байгаад сэтгэгдэл маш өндөр байна" хэмээв.


"НордАрт" үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ. Мөн энэ оны наймдугаар сарын 12-ноос есдүгээр сарын 5-нд "НордАрт-Улаанбаатар" олон улсын уран баримлын симпозиум Монгол Улсад болно. Уг симпозиумд олон улсын 15 уран бүтээлч оролцох бөгөөд тэдний Монголд байх хугацаандаа хийсэн бүтээлийг есдүгээр сарын 6-наас 10 дугаар сарын 20-ны хооронд Сүхбаатарын талбайд олны хүртээл болгоно.

Холбоотой мэдээ