Зуны дэлгэр цагт ажиллах амралт сувиллууд

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2019-06-10 10:49:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлгэр сайхан зуны саруудад Монгол орныхоо үзэсгэлэнт сайхан газарт байдаг амралт сувилал, рашааныг зорихоор төлөвлөж буй хүн бүхэнд хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

 

Эрүүл мэндийн даатгал төлдөг бол насанд хүрсэн хүн, хүүхэд, өндөр настан ялгаагүй рашаан сувилалд 110 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

 

Монгол Улсын хэмжээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй ажилладаг 25 рашаан сувилал бий. Эдгээр сувилалд бүх насныхан 7-10 хоног /доод тал нь 7 хоног/ эмчлүүлж, сувилуулахад тухайн сувиллын хоногийн төлбөр ямар байхаас үл хамааран төлбөрийн хөнгөлөлт эдэлж, өрхийн эмнэлгээсээ илгээх карт болон шаардлагатай тохиолдолд шинжилгээний бичгээ авч очих ёстой.

 

Аварга тосон

 

Аварга тосон рашаан сувилал нь Аваргын бүлэг рашаан хэмээгдэх Аураг рашаан, эмчилгээний шавар, рашаан нуурыг түшиглэн 1969 онд байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл тогтвортой ажиллаж буй улсын үйлчилгээтэй магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилал билээ.

 

Аварга тосон нуурын рашааны химийн найрлага нь карбонат гидрокарбонат-хлорид, натри, калцийн найрлагатай соодлог нуур юм. Гидрокарбонат-натри-магни-кальцийн найрлагатай, 2 ба 3 цэнэгт төмөртэй, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан бий.

 

Аварга тосон сувилал нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт далайн түвшнээс дээш 1250 метрт, нийслэлээс 250 км зайтай орших бөгөөд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумыг өнгөртөл 230 км засмал замаар, түүнээс цааш 40 км сайжруулсан шороон замаар явж Аварга тосон рашаан сувилалд хүрдэг.

 

Хужирт


 

Хужирт рашаан сувилал нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг, Орхон голын сав газар, Хангайн нурууны салбар Шунхлай, Гуа, Шивээт уулсын дунд далайн түвшнээс 1660 метрийн өндөрт оршдог.

 

Тус сувилал Нийслэл Улаанбаатар хотоос 390 км, Өвөрхангайн төв Арвайхээрээс 88км, Хархориноос 54 км зайд алслагдсан бөгөөд нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдсон 7 хоногт 3 удаа /Даваа, Лхагва, Баасан гарагуудад/ автобус Ялалтын талбайгаас өглөө 7 цагт хөдөлнө.

 

“Хужиртын хөх сувд” рашаан эмчилгээ: Дулааны болон эрдэс бодисын солилцоог сайжруулж, биеийг шимжүүлэн тунгалгийн эргэлт,  хий цусны гүйдлийг сайжруулах, булчин шөрмөсийг сулруулах, шар усны гэмийг арилгана

 

“Хужиртын хар сувд” шавар эмчилгээ: Арьсан дахь мэдрэлийн судлын төгсгөлд цочрол үүсгэж улмаар төв мэдрэлийн систем, тархины бор гадаргад нөлөөлснөөрөө хариу урвал бүх эрхтэн системд дамжин бие махбодын үйл ажиллагаа идэвхжиж нөхөн сэргээх явцыг эрчимжүүлнэ. Үүний үр дүнд хүний биеийн бодисын солилцоо эрчимжиж цусан хангамж сайжирснаар эмгэг хууч эдгэрэх явцыг түргэсгэнэ.

 

Шаргалжуут



Олон төрлийн халуун хүйтэн рашаанаар алдартай газар бол Шаргалжуут. Шаргалжуут рашаан сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт Хангайн нурууны өмнө хэсэгт Улаанбаатар хотоос 650 км, Баянхонгор аймгийн төвөөс зүүн хойно 60 км зайд оршдог юм. Шаргалжуут рашаан сувилал нь байгалийн хосгүй эмчилгээ бүхий 108 төрлийн рашааны зэрэгцээ, нуурын шаврыг дорнын уламжлалт эмчилгээ буюу бариа засал, зүү төөнүүртэй хослуулахын зэрэгцээ, мөн физик эмчилгээ, төрөл бүрийн усан эмчилгээ, биеийн тамир эмчилгээтэй.

 

Өөш манхан

 

Дундговь аймгийн Өлзийт су­мын нутагт байрлах сувилал нь Улаан­баатар хотоос 420 км-ийн зайтай оршдог. Бөөр, үе мөчний архаг өвчин, цусны зарим төрлийн өвчтэй хүмүүс, хөл гар, нуруу нь татсан хүмүүсийг нар, агаар, ингэний сүү, хоормогоор эмчлэн сувилдаг.  Эл­сэн хучлага, наран шарлага, ин­гэний хоормог уулгах, бариа засал хийх, зүү төө­нүүр тавих аргуудаар эмчилдэг. Мөн нарны халуун энер­ги бүхий элс, ингэний хоормогоор таван цул, дотор, гадна хаванг эмчилдэг байна. Үүний зэрэгцээ арьсны элдэв тууралт зэр­гийг эдгээхэд тустай. Энэ элсэн сувиллын элс нь баруунаас зүүн тийш таван км урт сунаж тогтсон байдаг.  Элс нь нарны энер­гийг ихээр шингээдэг, маш нарийн ширхэгтэй, эрдэс баялгийн олон бодистой аж. Элсийг хэлнийхээ хонхорт тавихад хайлдаг байна.  Мөн барилгын ажилд хэрэглэж болдоггүй гэдэг. Сувилал зургадугаар сарын 12-ноос наймдугаар сарын 17-ны хооронд ажилладаг байна.

 

Мойлтын тохой

 

Улаанбаатар хотоос 62 км-ийн зайд байрладаг Тэрэлжийн гүүрний урд Мойлтын Тохой амралтын газар нь өвчнийг судсаар оношилж, уламжлалт болон физик эмчилгээгээр таны сэтгэлд хүрэхүйц эмчилгээ, сувилгааг үзүүлдэг. Мөн хүүхдэд доргионт массаж, Зөгийн балтай татлага, Толгойн зөөлөн бариа, Бүтэн биеийн иллэг, Сүүлний тосон бариа, Хөлийн цэгэн бариа зэргээр үйлчилдэг.

 

Хайрын билэг-2

 

Цонжин болдог дахь Чингисийн морь хөшөөнөөс хойш 4,5км зайд Хатан туулын хөвөөнд байрлах Хайрын билэг-2 амралт сувиллын цогцолбор нь бариа засал, физик эмчилгээтэй. Тус амралт сувилал цогцолбор нь ресторан, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх сагсан бөмбөгийн талбай, ширээний теннис, пүүл биллиард, караоке, хүүхдийн талбай, хүүхдийн тоглоомын өрөөтэй ба өдрийн 44 мянган төгрөгийн үнэтэй аж.

 

Чингисийн гурван нуур

 

Улаанбаатараас 600 км зайд оршдог ба Хэнтий аймаг хүртэл 270 км засмал замаар, 330км шороон замаар явж хүрнэ. Чингис хааны төрсөн нутаг болох Дэлүүн болдогийн өвөр энгэрт, хүн ардын шүтээн болсон байгалийн эмчилгээний хосгүй цогцолбор болох Гурван нуурын эрэгт байрлана. Нарсан ойн дунд нуурынхаа эрэг дээр байрладаг ба шавар эмчилгээтэй. Шавар нь эмчилгээний үр дүн сайтай бөгөөд үе мөчний өвчлөл зэрэгт нэн тустай. Рашаан ус нь их эзэн Чингис анх ундаалсан ус болох Хажуу булгийн рашаан болно. Энэ рашааныг ходоод дотрын өвчлөлд эмчилгээний журмаар уулгадаг. Гол төлөв амьсгалын эрхтний архаг өвчин, уушгины хагалгааны үлдэц, мөгөөрсөн хоолойн багтраа, мэдрэлийн сульдал, үе мөчний өвчнийг эмчлэхэд онцгой тустай. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсийн дараах үед тохиромжгүй.

 

ЭМД-аар хөнгөлөлттэй үйлчлэх рашаан сувиллын газрууд:


     Орон нутаг дахь рашаан сувиллын газруудын нэр, хаяг:



 

Холбоотой мэдээ