“Талын салхи-2019” наадамд ОХУ, БНХАУ, Япон, Энэтхэгийн төлөөлөгч оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2019-06-10 12:08:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Талын салхи-2019” олон улсын мото наадам зургадугаар сарын 8-нд Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийснээр, төмөр хүлэгтнүүдийн цуваа “Чингис хааны морьт хөшөө цогцолбор” руу хөдөлсөн юм.


Тав дахь жилдээ зохион байгуулж буй мото наадам нь Ази тивийн болж өргөжих зорилготой бөгөөд тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах ач холбогдолтой юм.



Цонжин болдог дахь мото наадмын талбайд 300 мотоциклын үзэсгэлэн зохион байгуулсан бөгөөд орой нь Хурд, Харанга, Нисванис, Булсара, Аравт, Жонон, The Hu, Empire, Ice top, Digital, Click click boom, Харангын Лхагва, Хар сарнайн Амараа, Rapper Gee, Rapper NMN. Gang, DJ Zaya, DJ Tuvshin, DJ Iadies болон уран нугаралт, циркийн үзүүлбэрийг толилуулсан юм.



“Талын салхи” наадам мото спорт сонирхогчдыг байлдан дагуулдаг бөгөөд энэ жил “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн ОХУ, БНХАУ-аас 200 мото тамирчин, мөн Япон, Энэтхэгийн төлөөлөл оролцлоо.


Мото спорт сонирхогчид холбоо байгуулан нэгдэж, Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллах болсноор мотоциклын ослын тоог тогтмол бууруулж иржээ. Тэд замын хөдөлгөөний аюулгүй байдал, техникийн болон хувцас тоноглолын аюулгүй байдалд хамгийн их анхаарал хандуулдаг болжээ.


Тус наадмыг Монголын чопперчин ахан дүүс ТББ, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Аялал жуулчлалын газартай хамтран амжилттай зохион байгуулжээ.  

 

Чопперчид гэж хэн бэ? Чоп буюу chop гэсэн англи үг нь тасдах, цавчих гэсэн утгатай бөгөөд Дэлхийн II дугаар дайны дараа Америк цэргүүд өөрсдийн мотоциклыг засаж тоноглосноор шинэ загварын чоппер мотоциклын үүсэл тавигдаж байв. Ингээд 1960-аад оноос дэгжин мотоцикл хөлөглөсөн мотоциклчдыг чопперчид гэх болсон ба Монгол Улсад 1990 оноос энэхүү ангиллын мото спорт хөгжлийн сууриа тавьжээ.
Холбоотой мэдээ