Хятадын Засгийн газар нээлттэй бодлогын томоохон арга хэмжээнүүд хэрэгжүүлнэ

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-06-11 11:26:49


Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Сангийн сайд Лю Кун Японы Фүкүока мужид зохион байгуулж буй “Их-20”-ын орнуудын сангийн сайд, төв банкны дарга нарын уулзалтад оролцох үеэрээ “Хятад улсын Засгийн газраас шинэчлэл, нээлттэй бодлогын томоохон цуврал арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ” хэмээн хэллээ.


Тэрээр хэлэхдээ, “Дэлхийн эдийн засагт нөлөөлөх тогтворгүй хүчин зүйлүүд нэмэгдсээр байна. Эдийн засгаа хамгаалах бодлого нь дэлхий дахинд тулгарч буй сорилт хэвээр байсаар байна. Талууд эрсдэлийг бууруулахад анхаарч, дүрэм журамд суурилсан олон талт тогтолцоог хамтдаа хамгаалах, худалдааны маргааныг тэгш, оновчтой байдлаар шийдвэрлэх хэрэгтэй. Өнөө үед дэлхийн тэнцвэргүй байдал нь томоохон эдийн засагтай орнуудад төвлөрч байгаа бөгөөд эдгээр улс орнууд тэнцвэргүй байдлыг зохицуулахад улам илүү хувь нэмрээ оруулах ёстой” гэв.


Мөн “хоёр талын худалдааг хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр олон талт тогтолцооны тэнцвэргүй байдлыг арилгахгүй бөгөөд дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөөтэй” гэдгийг тэрээр онцлов.

Түүнчлэн “энэ жилийн хувьд Хятад улсын эдийн засаг тогтвортой өсөж, Хятадын Засгийн газраас шинэчлэл, нээлттэй бодлогын цуврал томоохон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Хятад улс гадагшаа илүү нээлттэй бодлого баримталж, эдийн засгийн чанартай өсөлтийг бий болгохоос гадна дэлхийн эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна” гэлээ.

А.Анхбаяр

Холбоотой мэдээ