Э.Батзаяа: Талын тайга нохой миний үнэнч анд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-06-22 20:25:09

Хэнтий /МОНЦАМЭ/ Олон зууны тэртээ эртний Монголын хаадын үнэнч хамгаалагч байсан тайган нохой нь монгол нохойны ууган хоёр үүлдрийн нэг юм. Хэнтий нутгийн брэнд болсон анч тайга нохойн цэвэр цусыг хадгалан авч үлдэх зорилгыг тээн, өөрийн хоббигоо хөгжүүлж яваа Баянхутаг сумын харьяат эгэл малчин Э.Батзаяаг онцолж байна.


Эрдэнэбатын Батзаяа гэх 30 хүрээгүй энэ залуу мал маллахын хажуугаар монгол тайга нохой өсгөн үржүүлдэг. 2013 оноос монгол тайга нохойг тэжээх, үржүүлэх сонирхолтой болсон тэрбээр долоо дахь жилдээ хоббигоо хөгжүүлж явна. Энэхүү монгол тайга нохойны тархац зүүн гурван аймаг болох Хэнтий, Дорнод, Сүхбаатарт элбэг байх ба Хэнтийд гол цөм нь оршдог ажээ. 1990-ээд оны сүүлч гэхэд Монгол оронд устаж үгүй болохдоо тулж байсан энэ үүлдэр эргээд тархац нь нэмэгдэж байгааг Э.Батзаяа онцлон хэлж байлаа. Түүний хувьд одоогоор цэвэр цусны зургаан тайга нохойтой. Хамгийн хайртай нохой нь Бүргээ гэх эр нохой бөгөөд олон тэмцээн уралдаанд түрүүлсэн аж. Мөн түүнд Бэрсээ, Халзаа, Алгаа, Жижгээ гээд сайн ноход бий.

Э.Батзаяагийн хувьд Монголын Нохой судлалын холбоог анхлан байгуулалцаж байсан юм. Мөн “Монгол тайга” нэртэй клубтэй. Клуб дотроо тус бүр үржлийн газруудтай ба Э.Батзаяа өөрийн тайга нохойны үржлийн газраа “Талын сор” хэмээн нэрлэжээ. Тайга нохой нь арчилгааны хувьд маш энгийн гэнэ. Байгаль цаг ууртаа дасан зохицол сайтай, бусад нохойтой ижил хүнээс их арчилгаа шаарддаггүй. Харин нялх гөлөг байхад нь нарийн арчлах шаардлагатай байдаг. Мөн вакцин, туулга, шаардлагатай эм тариаг тогтмол хэрэглэх нь нохойгоо эрүүл байлгахад чухал нөлөөтэй байдаг аж.  

Э.Батзаяа Монголын тайга нохой судлалын холбоогоороо дамжуулан 2017 оноос эхлэн Хэнтий-2017, 2018 Монгол тайга нохойны наадмыг зохион байгуулж, хэдийнэ уламжлал болсон бөгөөд энэ жил “Хэнтий-2019” наадам болно. 

Гоёмсог бие галбир, ихэмсэг төрхтэй тайга нохой ёстой л малчин эрийн чимэг гэлтэй. Залуу хүн зорилготой байна гэдэг ийм л сайхан. Нүүдэлчин Монгол удмынхаа өв соёлыг түгээн дэлгэрүүлж, өртөөлөн түүчээлж яваа Э.Батзаяадаа өрнүүн амжилт өөдрөг сайхныг хүсэн ерөөе. 


 

 

 

Холбоотой мэдээ