Пак Гын Хэ Хойд Америкийг зорилоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /TASS/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ найман өдрийн айлчлал хийхээр Хойд Америкийг зорилоо. Тэрбээр АНУ-ын Вашингтон хотод гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа Мексик улсад албан ёсны айлчлал хийнэ гэж Өмнөд Солонгосын төрийн тэргүүний тамгын газрын төлөөлөгч мэдээлжээ.
“Цөмийн аюулгүй байдлын асуудлын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Пак Гын Хэ өндөр түвшинд баяжуулсан уран ашиглалтыг багасгах, цөмийн материалуудын аюулгүй байдлыг хангах, цөмийн зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх болон цөмийн зэвсэг ашиглан халдлага үйлдэхээс урьдчилан сэргийлэх асуудлыг дэлхийн 52 орны болон олон улсын томоохон байгууллагуудын удирдагчидтай хэлэлцэнэ” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мөн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Хятадын дарга Си Зиньпин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай хоёр талын хэлэлцээ хийнэ. Түүнчлэн Өмнөд Солонгос, АНУ болон Японы удирдагчдын гурван талын уулзалт хийхээр төлөвлөжээ. Дээд хэмжээний уулзалтын үеэр Пак Гын Хэ мөн Аргентины шинэ Ерөнхийлөгч Маурисио Макритай уулзаж, хоёр орны хамтын ажиллагаа болон хоёр талын харилцааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч дөрөвдүгээр сарын 2-нд дөрвөн өдрийн айлчлал хийхээр Мексик улсыг зорино. Пак Гын Хэ Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньетотой уулзана. Талууд юуны өмнө хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.
Д.Жаргал