ДҮР ТӨРХИЙН ЖИНХЭНЭ ЭЗЭД

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2019-06-18 17:39:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 


Улс үндэстэн бүр хөгжин цэцэглэж, техник технологи хөгжихийн хэрээр уран зургаас илүү камер барьсан дүр төрхийн жинхэнэ эзэд олшрох болсон. Мэдээж гарт нь камер атгаастай цагт сайн гэрэл зурагчид түүх бүтээж, дурсамж мөнхөлж чадна.


МАРТАЖ БОЛОХГҮЙ, МАРТВАЛ...


Бүтээлчийн тухайд:


Ямар ч салбарт мэдлэг чухал. Гэвч гэрэл зураг мэдрэмж, хурд хоёрын нийлбэрийг илүүтэй шаарддаг. Дээр нь өөрийн санааг хий агаарт цацаж орхиод дараа нь эмх цэгцгүйгээр цуглуулж авах шиг чөлөөт сэтгэлгээтэй байхийг хүснэ. Ийм гэрэл зурагчдын нэг бол Б.Ууганбаяр. Ойртож дөхөөд ирвэл харанхуй бидэнд хамгийн дотно, нандин зүйл шиг санагдана. Сүүдэр тусч буй газарт гэрэл ч мөн оршиж байдаг. Энэ санааг түүний гэрэл зургууд бүрнээ илтгэнэ. Тиймдээ ч хар цагаан гэрэл зургууд нь хүртэл бараан метафизик төсөөлөл олгохоос илүүтэй огт өөр өнгийг цацрааж байдаг.


Бүтээлийн тухайд: | зургийн нэр: “Тооно”, Архангай аймаг, Эрдэнэмандал сум |


Зурган дээр монгол гэрийн тооно, дээр цэнхэрлэх тэнгэр, үүлс, яндан сэлт үзэгдэнэ. Мөнхүү гэрийн хос баганын нэг нь нарны гэрэлд бусад эд зүйлсээс ялгаран үзэгдэх ажээ. Тооно гэхээр бидэнд бүтэн дугуй харагддаг. Гэвч үнэндээ гэр барьсан хойно ийм л харагддаг. Нүүдэлчид зуун зууны туршид сэтгэл бүтэн боловч адармаатай түүх туулсан хүмүүс. Яг л хос баганы нэг, хорол тоононы тал нь харагдаж буй шиг.


Өдгөө нүүдлийн уламжлалт ахуй зөвхөн монголын хөдөө нутагт үзэгдэх болжээ. Тооноор ширтэхэд тэнгэр цэнхэртэж байх шиг Монгол улс бүрэн тусгаар оршсоор л байна. Зургийн тал нь бүхэлдээ харанхуйд умбах мэт элчилгүй тал нутагт нүүдлийн цуваа ховордсоор байвч хонин цагаан үүлс нүүсээр л буй билээ.  


ҮНДЭСТЭН




Бүтээлчийн тухайд:


Гэрэл зурагчин Б.Эрдэнэбулган гэдэг нэрийг уншигчид андахгүй. Магадгүй тус нэрийг мэдэхгүй байж болох ч уг уран бүтээлчийн авсан монгол орны сүрлэг бишрэм өндөр уулс, долгио цацлан давалгаалах нуурууд, амар амгаланг нууцлан орших ээрэм их талын зургуудыг хаа нэгтээ үзсэн байж таарна. Б.Эрдэнэбулган нь байгалийн гэрэл зургийн “Studio 11 студид гэрэл зурагчнаар ажилладаг. Хүмүүсийн тэр бүр хүрч очоод нүдэндээ буулгаж чадахгүй дэлхийн эхийн урласан гайхамшгийг тэр камераараа зурдаг.


Бүтээлийн тухайд: | Бүргэдтэй анчин, Алтайн нуруунд |


Зураг жаахан бараандуу өнгөтэй боловч энэ нь сүрлэг байдал төрүүлнэ. Дэлхийн жуулчдын сонирхлыг ихээр татдаг “Бүргэдийн баяр”-ыг уншигчид мэднэ. Тэгвэл бүргэдтэй анчин өөрийн нутаг, уулсын хязгаарт зогсч байна. Үүлс нь давхарласан уулс мэт харагдах цул өнгөнүүдийн төрх байдал, намрыг санагдуулам газрын шаргал өнгө зэрэг нь зургийг амь оруулж өгчээ. Мэдээж зураг тавилттай боловч хэт хичээгүй нь анзаарагдана. Тиймдээ ч зураг “үнэн” мэдрэмж төрүүлж байна. Сайн зураг “үнэн” байдаг билээ.


ИНЭЭМСЭГЛЭЛ




Бүтээгчийн тухайд:


Түүнийг UB life сайтаас “Хүн дүрснүүдийн эзэн” гэж тодорхойлсон байдаг. Уг тодорхойлолт нь ч оносон. Хувь хүний зан чанар, дотоод сэтгэлийн зөрчил, байгальтай холбогдох чанар, ахуйн дарамтнаас чөлөөлөгдөх сэтгэлзүйн эрчим хүчийг гэрэл зурагт тод томруунаар харуулж чаддаг нь түүний бусдаас ялгарах онцлог шинж юм. Оюутан байхдаа гэрэл зурагчдын уулзалтанд анх удаа зоригтой шийдвэр гаргаж очтол уралдаан зохиогдох болжээ. Найзынхаа камерийг гуйж зураг авахаар шийдтэл цэнэг дуусаад унтарчихаж. Хажуугийн дэлгүүр лүү гүйж худалдагчаас нь гуйж цэнэг оруулсан боловч тэр өдөр олигтой нэг зураг дараагүй байна. Үүнээс хойш жилиийн дараа аав ээжээсээ гуйж байгаад өөрийн гэсэн камертай болов. Ингэж л хүний зан ааш, бие галбир, хөдөлгөөнөөр дүрсний шинэ хэл бүтээгч өвөрмөц нэгэн уран бүтээлч төрсөн нь Ё.Чанцалдулам юм.


Бүтээлийн тухайд: | Увс аймаг, Зүүнхангай сум |


Цас орж байна. Тогтуухан, зөөлнөөр хөвсгөр цасан ширхэгүүд нисэлдэнэ. Цаана нь монгол гэрийн хаалга. Хаалган дотор дүүрэн инээмсэглэл.


Зургийг ингээд тодорхойлчихож болно. Энгийн нэг тоочилж маягаар шүү дээ. Ё.Чандалдулам загварын зургууд дарахдаа илүү ч гэсэн энэхүү бүтээлийг үзсэн хэн бүхний зүрх сэтгэлд эмээгийнх нь дотно, дулаан дүр төрх буух биз ээ. Шинэ санаа үргэлж баримттай холбогдож байдаг. Баримтат юм уу, хөрөг зурагчид шинэ зураг авахаар бодож төлөвлөсөн бол энэ нь бодитой баримт нэхэж шаардана гэсэн үг. Тиймдээ ч монголчууд эртнээс байгальтайгаа нарийн уялдаа холбоотой байсныг цас орох үзэгдэлтэй хослуулж, цайлган сэтгэлийн инээмсэглэл цасны өнгийг ч мөн хооронд уялдуулжээ.

 

Холбоотой мэдээ