Ле-Буржегийн үзэсгэлэн өнөөдөр нээгдэнэ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-06-17 11:07:08

ЛЕ-БУРЖЕ. /TASS/. Олон улсын агаар-сансрын техникийн “Salon du Bourget” үзэсгэлэн Парисын дагуул хот болох Буржед өнөөдөр нээгдэж байна.


Тавин гурав дахь удаагаа зохион байгуулж буй тус үзэсгэлэн ням гараг хүртэл үргэлжлэх бол бизнес хөтөлбөр нь пүрэв гарагт дуусах юм. Шарль де Голль олон улсын нисэх онгоцны буудал болон Францын нийслэл хот хоёрын голд оршдог Ле-Бурже хотод 48 орны далбааг мандуулжээ.


Зохион байгуулагчдын тооцоолж байгаагаар, үзэсгэлэнг 322 мянга орчим хүн үзэх төлөвтэй байна. Уг үзэсгэлэнд Францын компаниудаас гадна, АНУ, Герман, Итали, Их Британи болон Бельгийн компаниуд оролцоно.


Долоо хоногийн хугацаанд 2000 орчим компани агаар-сансрын шинэ техникүүдээ дэлгэн үзүүлнэ. Ле-Буржегийн зуны талбайд 140 гаруй шинэ нисэх онгоц болон нисдэг тэрэгнүүдийг хэдийнээ байрлуулжээ. Үзэсгэлэнгийн нийт талбай нь 54 мянган хавтгай дөрвөлжин метр бөгөөд үзмэрүүдийг 27 улсын асарт үзэх боломжтой байна.


Энэ жил салбарын байдал тодорхой бус байгаатай холбоотойгоор Ле-Буржегийн үзэсгэлэн шинжээчдийн онцгой анхаарлыг татаж байгаа юм. Агаарын тээврийн үйл ажиллагааны үзүүлэлт маргаангүй өсөн нэмэгдсээр байгаа билээ. Тухайлбал, 2017 онд дэлхийн агаарын тээврийн компаниуд анх удаа 4 тэрбум зорчигч тээвэрлэжээ. Франс-Пресс агентлагийн мэдээлснээр, 2038 он гэхэд дэлхийн зорчигч тээврийн нисэх онгоцны тоо хоёр дахин нэмэгдэж, 40 мянгад хүрч магадгүй байна.


Үүний зэрэгцээ шинжээчид мөн салбарын ирээдүйн талаар, ялангуяа зах зээлийн томоохон тоглогчдын нэг болох Америкийн “Boeing” корпорацын хямралтай холбоотой асуудлуудад санаа зовж байна. Энэ болгоомжлол нь тус корпорацын хамгийн сүүлийн үеийн зорчигч тээврийн “Boeing 737 MAX” загварын хоёр нисэх онгоц саяхан осолдсонтой холбоотой юм. 2018 оны 10 дугаар сард Индонезид, 2019 оны гуравдугаар сард Этиопт болсон ослуудын улмаас нийтдээ 364 хүн амиа алдсан билээ. Ойрхон болсон ослуудын дараа дэлхийн олон улс энэ загварын нисэх онгоцыг нислэгт ашиглахыг хориглосон юм.


Холбоотой мэдээ