2018 онд Төв аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд 316 хүн өртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-06-18 15:18:01

Төв /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл-2019” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулж байна. 

Орон нутгийн авто замд гэмт хэрэг, ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, мэдлэг мэдээлэл олгох, хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор уг арга хэмжээг явуулж байгаа ажээ.

Үүнтэй холбогдуулан Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЗДТГ-ын ХЭЗХ, аймаг дахь Цагдаагийн газар, Замын цагдаагийн тасаг, Онцгой байдлын газар, Авто тээврийн төв, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран аймгийн хэмжээнд "Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл-2019” зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна

Урин дулаан, амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлээс хөдөө орон нутаг руу, хөдөө орон нутгаас нийслэл рүү чиглэсэн хөдөлгөөний эрчим эрс нэмэгдэж, хөдөлгөөнд оролцогчдын хариуцлагагүй байдлаас болж орон нутаг дахь зам тээврийн ослын тоо нэмэгддэг байна. 2018 онд аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд 316 хүн өртөж, 15 хүн гэмтэж, 45 хүний амь нас хохирсон тоон мэдээ байна. 

Орон нутгийн замд хяналт шалгалт зохион байгуулах явцад замын хөдөлгөөнд оролцогчид хурд хэтрүүлдэг, зорчигч болон хүүхдийг буруу тээвэрлэдэг, хөдөлгөөнд оролцогчдын 78 хувь нь шөнийн цагт гэрэл шилжүүлдэггүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон хэт ядарсан үедээ удаан хугацаагаар тээврийн хэрэгсэл жолооддог, бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцдог, зогсолт зогсоолын дүрэм зөрчдөг, батлагдаагүй замаар дур мэдэн явдаг зэрэг зөрчлүүд хамгийн их бүртгэгддэг аж. Иймээс замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг чандлан мөрдөж байхыг Төв аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна. 

 

Холбоотой мэдээ