“Англи хэл -амьдрах чадвар” хүүхдийн зуны сургалтыг зохион байгуулав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-06-18 17:11:41

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн БСУГ-аас хүүхдийн эрх хамгааллын тогтолцоог орон нутагт бүрдүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих, амьдрах чадварт сургах, харилцаа хандлага, төлөвшлийг сайжруулах, тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг төлөвшүүлэх зорилготой “Англи хэл -амьдрах чадвар” хүүхдийн зуны сургалтыг зохион байгуулжээ.

Сургалт ЕБС-ийн сурагчдын англи хэлний унших, бичих, ярих, сонсох чадварыг сайжруулах төдийгүй хүүхдийн нийгэмд биеэ авч явах, хүмүүстэй харилцах, манлайлах, шийдвэр гаргах, үзэл бодлоо илэрхийлэх, хорт зуршлаас ангид байх, төлөвлөх, хэрэгжүүлэх, цаг барих, багаар ажиллах, байгаль орчинтойгоо зөв харьцах, хамгаалах зэрэг амьдрах чадварыг дэмжих зорилготой юм.

Сургалтад хамрагдахыг хүссэн сурагчдыг бүрэн хамруулж чадсан ба англи хэл сурах хүсэлтэй, ярих чадвар сайтай хүүхдүүдийг өөрсдийн хүсэлтийн дагуу хамруулсан байна. Нийт 5, 6, 11-р ангийн 70 сурагч, Энхтайваны корпусын сайн дурын ажилтан 5 америк багш, Архангай аймгийн ЕБС-ийн англи хэлний 5 багш, БСУГ, аймгийн Насан туршийн боловсролын төвийн төлөөлөл оролцлоо. Хичээл сургалтыг америк багш нар заасан учраас хүүхдийн англи хэлээр сонсох, ярих чадвар сайжирсан байна.

Дээрх сургалтыг Засгийн газрын “Англи хэлний үндэсний хөтөлбөр”, “Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр”, аймгийн боловсролын салбарт хэрэгжиж буй “Багшийн хөгжил”, “Ирээдүй 1+1” аймгийн дэд хөтөлбөр, Швейцар Улсын санхүүжилтээр БСУГ-т хэрэгжсэн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл зэрэг хүүхдийн эрх хамгаалал, хөгжил оролцоог дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд “Тогтвортой хөгжил-ногоон ирээдүй” уриан дор “Англи хэл -амьдрах чадвар” хүүхдийн зуны сургалтыг БСУГ-ын даргын санаачилгаар 2 дахь жилдээ ийнхүү зохион байгуулжээ. 

Холбоотой мэдээ