Төв аймагт 236 сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-06-20 13:19:51

Төв /МОНЦАМЭ/. 2018-2019 оны хичээлийн жилд Төв аймгийн хэмжээнд 12 дугаар ангийг 211 хүүхэд төгсчээ. Үүнээс энэ жилийн төгсөгчдөөс 202 хүүхэд, өмнөх жилийн төгсөгч 34 сурагч ЭЕШ-д бүртгүүлсэн байна.

Шалгалтыг "Хүмүүн" цогцолбор ахлах сургуулийн бүрэн камержуулсан 12 танхимд авч байна.

Өнөөдрийн байдлаар сурагчид  зургаан шалгалт өгч, ирц 87 хувьтай байна. Энэ жилийн төгсөгчдийн хувьд хэд хэдэн онцлог байгаа талаар нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг ярилаа. Өмнөх жилүүдэд жилдээ аймгийн хэмжээнд мянга орчим сурагч төгсдөг байсан бол энэ жил бараг тав дахин бага сурагч төгсөж байна. Мөн ЭЕШ-ын дүнг шууд засч байгаа аж. Өмнө нь шалгалт өгснөөс хойш бараг 14 хоног ямар дүн авснаа хүлээдэг байсан бол энэ жил шалгалт өгөөд хэдэн минутын дараа өөрийн дүнгийн хариуг сонсох боломжтой  болсноороо ихээхэн онцлогтой болжээ.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд шалгалтын гүйцэтгэл Монгол улсын түүх, газар зүй, биологийн хичээлээр хүүхдүүд 50-иас дээш хувьтай байгаа нь өмнөх жилээс өндөр байгаа аж.

Харин физик, хими, англи хэл өмнөх үеийн дүн мэдээтэй ойролцоо байгаа ажээ. 

Хичээлийн жилийн элсэлтийн шалгалтад шилэн технологи нэвтэрснээр сурагчид өөрийн сонгосон мэргэжил, сургуулиа эрт сонгох боломжтой болсон байна.  6 дугаар сарын 24-нд бүртүүлж, 25, 26-нд хуваариа сонгоно гэлээ.  

Төв аймаг 2017 оноос аймгийн хэмжээнд улсын чанартай олимпиад болон ЭЕШ-д амжилттай оролцож, сайн сургуульд сурагчдаа суралцуулах зорилгоор мэргэшсэн зөвлөх багш нарын баг бүрдүүлж, давтлага, сургуулилт өгөх болсон байна. Энэ нь үр дүнгээ өгч, тус аймгийн сурагчдын сурлагын чанарт ахиц гарч байгаа ажээ. Энэ жилийн төгсөгчдөд ЭЕШ-ын арван судлагдахуунаар 6 дугаар сарын 15-19-ний хооронд зөвлөх багш нарын баг болон БСУГ-ын мэргэжилтнүүд давтлага өгчээ.


Холбоотой мэдээ