Анхаарал төвлөрөлт болон хөдөлмөрийн хөлсний хэмжээ хоорондын хамаарлыг судалжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-20 17:27:13

МОСКВА. /РИА Новости/. Эрдэмтэд урт хугацаанд ажиглалт хийж, анхаарал төвлөрөлтийн түвшин болон хөдөлмөрийн хөлсний хэмжээ хоорондын хамаарлыг судалжээ. Канадын 2000 гаруй иргэнийг оролцуулсан уг судалгааны дүнг “JAMA Psychiatry” сэтгүүлд нийтэлсэн байна.


“Эрчүүд болон эмэгтэйчүүдийн цалингийн хэмжээ ихээхэн ялгаатай байна гэж бид бодож байсан. Түүнчлэн хэт идэвхтэй байдлын түвшин хүүхдийн амжилт бүтээлд ихээхэн нөлөө үзүүлнэ гэж бид таамаглаж байсан. Гэсэн хэдий ч энэ хоёр хүчин зүйлийн ач холбогдол хүүхдийн анхаарал төвлөрөлтийн түвшнээс илүү бага байсан” хэмээн Монреаль хотын их сургуулийн профессор Сильвана Коте ярьжээ.


Коте болон түүний багийнхан урт хугацаанд туршилт явуулжээ. Энэ судалгааныхаа хүрээнд тэд хүүхдийн зан авир хийгээд бусад шинж чанар нь цаашдынх нь амьдралд гаргах амжилтад хэрхэн нөлөөлдгийг олж илрүүлэхийг зорьжээ.  


Үүний тулд судлаачид үр хүүхдүүд нь 1985 онд цэцэрлэгт явдаг байсан 3 мянган гэр бүлийг судалжээ. Судалгаанд оролцогчид үр хүүхдүүдэд нь сэтгэл зүйн хөрөг зураг зурж, амьдралынх нь туршид ажиглалт хийхийг зөвшөөрсөн байна.


Үр хүүхдүүд нь өсөж томроод, сургуулиа төгсөх үед эрдэмтэд тэдний дунд тогтмол санал асуулга явуулж, мэргэжлийн замнал, амжилт бүтээлийг нь ажиглаж байсан аж. Судалгаанд оролцогчдын дийлэнх нь 35 болон түүнээс дээш насанд хүрэх үед төслийнхөө дүнг судлаачид гаргажээ.


Хөдөлмөрийн хөлсний хэмжээ нь хүүхэд насны үеийн оюун ухааны түвшин, хүйс, хэт идэвхтэй байдал юмуу сэтгэл зүйн ямар нэг онцлог шинж байдлаас хамаарахаас илүүтэй 6 настай байх үеийнх нь анхаарал төвлөрөлт хэр сайн байсан эсэхээс хамаарч байсныг судалгааны дүн харуулсан байна.  

Холбоотой мэдээ