Аялал жуулчлалын хуулийн шинэчилсэн төслийг өргөн барина

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-06-20 18:25:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж ирэх долдугаар сард Засгийн газарт оруулж өргөн барих гэж байна.

Энэ талаар БОАЖЯ, Монголын Аялал жуулчлалын холбооноос Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэх үеэр мэдээлэв. 

Манай улс 2000 оноос хойш Аялал жуулчлалын тухай хуулиа өөрчлөөгүй иржээ. Салбарын хууль эрхзүй шинэчлэгдвэл аялал жуулчлалаас орж ирэх орлого, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар шинэ шатанд хүрнэ гэж салбарын төлөөллүүд үзэж байгаагаа хэлэлцүүлгийн үеэр илэрхийлж байв.

Хэлэлцүүлэгт оролцогчид аялал жуулчлалын мэргэжлийн ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах чухал байгааг хэлж байв. Жолооч, хөтөч, орчуулагч нарыг бэлтгэхдээ мэргэжлийн болгох, мөн аялал жуулчлалын ажилтнуудыг даатгалд хамруулдаг байх талаар хөндөж байв.




Мөн энэ салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд тогтмолжоогүй, өнөөдрийг хүртэл аялал жуулчлалын мэдээллийн сан бүрдээгүй, гадна, дотны аялагч жуулчид хаана очиж, ямар үйлчилгээ авч, юу үзэж сонирхохоо төдийлөн мэддэггүй, гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангах явдал тулгамдсан зүйл болж, бүтээгдэхүүн үйлчилгээ хангалтгүй хэвээр байгаа зэрэг байдлыг хууль эрхзүйн хүрээнд тодорхой тусгах хэрэгтэйг хөндөж байв.

Хуулийн шинэчлэлийг Монгол Улс аялал жуулчлалыг ямар зорилгоор яагаад хөгжүүлэх гээд байгаа, дотооддоо ямар ашигтай байх юм гэсэн том агуулгаар харах хэрэгтэй байна гэж Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр хэлж байв.


Тоон мэдээлэл: Манай улсад дотоодын аялагчдын тоо өнгөрсөн оны байдлаар хоёр саяд хүрчээ. Монгол Улсад жилд 600 хөтөч, орчуулагч бэлтгэх шаардлагатай байгаа аж. Манай улс 2026 он гэхэд аялал жуулчлалаас 2.5 тэрбум төгрөгийн орлого олохоор тооцоолжээ. Одоо энэ салбарын орлого ДНБ-ний 5.4 хувийг эзэлж байна. Гадаадын жуулчдын 33 хувь нь Монголын үзэсгэлэнт онгон байгаль, ан амьтдыг харахаар ирдэг байна.

Б.Болд

Холбоотой мэдээ