Европоор аялах бол улаан бурханы вакцинжуулалтаа шалгахад илүүдэхгүй

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2019-06-21 12:25:46

БРЮССЕЛЬ. /CNN/. Энэ зун Европын орнуудаар аялахаар төлөвлөж байгаа жуулчид улаан бурханы эсрэг вакцинжуулалтад хамрагдсан эсэхээ шалгахад илүүдэхгүй болохыг АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн /CDC/ мэргэжилтнүүд сануулжээ.


Европт улаан бурхан өвчний улмаас урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй олон хүн нас барсантай холбогдуулан аялагчдыг улаан бурхан, улаанууд, гахайн хавдарын вакцин хийлгэхийг анхааруулсан нь энэ ажээ.


Дэлхий даяар улаан бурханы тархалт нэмэгдэж байгаа талаар “CDC” байгууллага зургадугаар сард мэдээлсэн боловч Европын орнуудын нөхцөл байдлын талаарх тусгай сануулгыг өгөөгүй юм.


Европын орнуудад 2018 оны эхний зургаан сард улаан бурхны улмаас 37 хүн нас барсан нь 1990-ээд оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болсны зэрэгцээ 41 мянга орчим тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний шалтгаан нь вакцинжуулалтад хамрагдсан үзүүлэлт сул байгаатай холбоотой ажээ.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, энэ он гарсаар Европт улаан бурханаар өвчилсөн 34300 тохиолдол бүртгэгдсэнээс 13 хүн нас баржээ. Улаан бурханаар өвчлөгсдийн тоо Украинд хамгийн өндөр байгаа бол тус улсын араас Франц, Грек, Итали, Серб, Орос жагссан байна.


Улаан бурхан нь вирусний гаралтай хурц халдварт өвчин бөгөөд энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд бүх хүүхэд хоёр тун вакцин хийлгэх шаардлагатайг “CDC” сануулжээ. Вакцины эхний тунг хүүхдийг 12-15 сартайд, хоёр дахь тунг 4-6 настайд хийлгэдэг байна. Түүнчлэн эхний тунг хийлгэснээс 28 хоногийн дараа хоёр дахь тунг хийлгэх боломжтой ажээ.


Улаан бурхан өвчний эсрэг хоёр тун вакцин хийлгэсэн тохиолдолд улаан бурхан өвчин тусах магадлал 97 хувиар буурдаг байна. Хэрэв хоёр тун вакцин хийлгэсэн эсэхээ мэдэхгүй байгаа бол цусны шинжилгээ өгөх эсвэл дахин вакцинжуулалтад хамрагдах боломжтой юм. 

Холбоотой мэдээ