Умард Солонгосын удирдагч Хятадын цэргийн парадыг үзнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-08-28 11:08:18

БЭЭЖИН, 2025 оны наймдугаар сарын 28 /BBC/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун ирэх есдүгээр сарын 3-нд Бээжин хотноо болох цэргийн парадыг үзнэ гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдлээ. Энэ нь түүний хувьд олон улсын өндөр дээд түвшний уулзалтад оролцож буй анхны тохиолдол болно


Ялалтын баяр”-ын энэхүү сүрт жагсаалын үеэр Японы эсрэг дайн болон Дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ойг тэмдэглэх юм. Энэхүү арга хэмжээнд оролцох гэж буй 26 улсын төрийн тэргүүн нарын дунд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин байна. 


Хятадын тал нисэх онгоц, танк, нисгэгчгүй нисэх систем зэрэг хамгийн сүүлийн үеийн зэвсэг техникүүдээ үзүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр анх удаа зэвсэгт хүчний шинэ бүтцээ бүрэн хэмжээгээр харуулах ажээ. Өндөр зохион байгуулалттай парадын үеэр Тяньаньмэний талбайд Хятадын армийн олон арван мянган цэргийн албан хаагч 45 хайрцаг болж жагсах бол ахмад дайчид мөн оролцоно.


БНХАУ-ын дарга Ши Жиньпиний удирдан явуулах 70 минутын парадыг шинжээчид болон барууны гүрнүүд анхааралтай ажиглах нь зүйн хэрэг. Бээжингийн төвд болох парадад Ким Жөн Ун оролцож, Оросын Ерөнхийлөгч В.Путин, Хятадын дарга Ши Жиньпин нартай зэрэгцэн зогсож байгаа нь гэрэл зурагчдын хувьд тун ховор агшин болно.


Мөн энэ удаагийн сүрт жагсаал Ши Жиньпиний хувьд бас нэгэн чухал дипломат ялалт байх болно. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины дайныг зогсоохын тулд В.Путинтэй тохиролцохыг эрмэлзэж байгаа билээ. Тэрбээр мөн өнгөрсөн долоо хоногт Ким Жөн Унтай дахин уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Хятадын удирдагчийн хувьд энэхүү тоглоомын геополитикийн хөзрүүдийг атгаж байгаагаа” харуулах болно. 


Түүнчлэн цаг хугацааны хувьд ч мөн чухал цаг үед парад болж байна. Ерөнхийлөгч Д.Трамп 10 дугаар сарын сүүлчээр тус бүс нутагт айлчилж, Ши Жиньпинтэй уулзахад бэлэн гэдгийг Цагаан ордон өмнө нь мэдэгдсэн билээ. Ингэснээр Ким, Путин нараас бүрэн мэдээлэл авсны дараа Хятадын удирдагч АНУ-ын Ерөнхийлөгчтэй дээд хэмжээний уулзалт хийх бөгөөд “тойргийн гадна үлдэхгүй гэдгээ” түүнд ойлгуулах бодолтой байна.

 


Холбоотой мэдээ