Б.Төгөлдөр: “Түмэн гол” төслийн хүрээнд аялал жуулчлалын нэгдсэн талбартай болсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-21 15:32:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Их Түмэн голын санаачилга” төслийн Аялал жуулчлалын хорооны 12-р хуралдаан “Их Түмэн голын бүс нутгийн аялал жуулчлалын брэнд хөгжүүлэлт” сэдвээр өнөөдөр “Кемпински” зочид буудалд боллоо. 

БОАЖЯ болон “Их Түмэн гол” санаачилга”-ын (Greater Tumen Initiative) Ажлын алба хамтран зохион байгуулсан өнөөдрийн хуралдаанд “Их Түмэн голын санаачилга” төслийн гишүүн орнууд ОХУ, БНХАУ, БНСУ, Монгол Улсын төлөөлөл оролцлоо.

Хуралдааны талаар “Их Түмэн” санаачилгын Ажлын албаны дарга Б.Төгөлдөрөөс тодруулав.

-“Түмэн гол”-ын төслийн хүрээнд аялал жуулчлалын ямар брэнд гаргах вэ?

-Юуны өмнө, манай Аялал жуулчлалын хороог танилцуулах хэрэгтэй байх. “Их Түмэн голын санаачилга” төсөл нь эдийн засгийн зургаан дэд салбартай ажиллаж байгаагийн нэг нь аялал жуулчлал юм. Аялал жуулчлалын салбар хороог анх “Их Түмэн гол” санаачилгын механизмын хүрээнд 2007 онд байгуулж, жил бүр уулзаж, бүс нутгийн болон олон улсын байгууллагуудтай ижил төстэй байдлаар ажиллаж байна.

Бид ОХУ-ын Владивосток хотноо болсон өмнөх хуралдаанаар гишүүн дөрвөн орныхоо хүрээнд буюу Зүүн хойд Азийг хамарсан бүс нутгийн хэмжээнд аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, зорих газруудыг сурталчлан холбох нэгдсэн онлайн цахим талбар (платформ)-тай болох талаар хэлэлцэж, үүнийг Монгол Улсаас эхлүүлж өнгөрсөн оны гуравдугаар сард нээгээд явж байна. Удаалаад бид бүс нутгийн брэндтэй болох санал гаргаж, гишүүн дөрвөн орныхоо дунд нэгдсэн брэнд гаргаж хөгжүүлэх талаар нээлттэй хэлэлцсэн.

-Дөрвөн улсыг холбосон онлайн цахим платформынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулна уу?

-Товчоор хэлэхэд, энэ нь “Түмэн гол” төслийн гишүүн дөрвөн улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн талбар юм. Нэг ёсондоо энэ нь нийгмийн сүлжээг цахим худалдаатай холбосон бүс нутгийн эдийн засгийн интеграцчиллыг хөхиүлэн дэмжих платформ юм.



Тодруулга: “Түмэн голын санаачилга” анх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хангах “Түмэн голын сав газрын хөгжлийн хөтөлбөр” хэмээх төсөл хэлбэрээр 1995 онд байгуулагдсан юм. 2005 оноос НҮБ-ын хөтөлбөрөөс гарч гишүүн ОХУ, БНХАУ, БНСУ, Монгол гэсэн дөрвөн улс өөрсдийн санхүү, санаачлагаар авч явахаар болж нэрээ “Их Түмэн голын санаачилга” болгон өөрчилж стратегийн шинэ чиглэл гарган ажиллаж байна.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ