МУГЖ Д.Пүрэвсүрэнгийн 90 насны ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУГЖ Д.Пүрэвсүрэнгийн 90 насны ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт өчигдөр орой УДБЭТ-т боллоо.
МУГЖ Д. Пүрэвсүрэн 1929 онд Булган аймгийн Булган сумын нутагт төржээ. Тэрээр 1942 онд анх дуучин болсноос хойш Монголын дуурийн урлагийн гоцлон дуучнаар ажиллаж байв. 1942 онд ХЦДБЧ-д дуучин, 1948 онд Улсын Хүүхэлдэйн театрт жүжигчнээр олон жил ажиллаж, олон сайхан дүр бүтээсэн тэрбээр 1960 оноос эхлэн УБЭТ -т гоцлон дуучнаар ажиллажээ.
1960-1990 он гартал дуурийн театрт тоглосон бүх жүжгийн гол дүрүүдийг бүтээсэн байна. Театрын алтан тайзнаа “Хан бүргэд” дуурийн Норовлхам, Халиуны дүр, “Үнэн” дуурийн Ядмаагийн дүр, “Хөхөө Намжил” дуурийн Уянгын дүрийг ч сэтгэлд хоногштол бүтээсэн бөгөөд Д.Нацагдоржийн "Учиртай гурван толгой" дуурийн Нансалмаа, Хоролмаа нарын дүрийг хамгийн олон удаа бүтээснээрээ олны танил болж байсан гэж УДБЭТ-ын ахмад уран бүтээлч Ч.Баатар /"Тунгалаг тамир" киноны Эрдэнийн дүрийг бүтээсэн/, Ардын жүжигчин, хөгжмийн удирдаач Х.Бүрэнбэх нар ярилаа. УДБЭТ-ын хамт олон МУГЖ Д.Пүрэвсүрэнд хүндэтгэл үзүүлж, "Учиртай гурван толгой" дуурийг өчигдөр тоглосон. Д.Пүрэвсүрэн "Миний 90 насны ойд зориулан хамт олон маань нэгэн оройн тоглолтоо зориулж байгаад их баярлаж байна" гэлээ.