ОБГ-ынхан сүүлийн таван жилд 13 тэрбум 740.5 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-06-24 13:51:27

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 513 удаагийн  аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдсоноос ой хээрийн түймэр 28, объектын түймэр 303, хүчтэй салхи 27, үерийн аюул 12, цас зуд 3, аянга мөндөр 6, хүн, малын гоц халдварт өвчин 84, усанд осолдсон золгүй тохиолдол 30, ОБГ-аас дуудлагаар очиж ажилласан зам тээврийн осол 11, уул уурхайн осол 1 тохиолджээ.

Эдгээр аюулт үзэгдэл, гамшигтай тэмцэх, хор уршиг, хохирлыг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд Онцгой байдлын газрын алба хаагчид хүлээсэн үүргээ биелүүлж, 556 хүний амь нас, 87 гэр, орон сууц, барилга байгууламж, 13 тэрбум 740.5 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Мөн ОБГ-аас 2014-2019 онд гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулийг 19 суманд 17 удаа зохион байгуулж, сумдын гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагч, оюутан сурагчид, ард иргэдэд нийт давхардсан тоогоор 32000 гаруй хүнийг гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх аргад сургаж дадлагажуулж, мэдлэг олгожээ.

Холбоотой мэдээ