Элсэлтийн ерѳнхий шалгалтын дүнгээр Өвөрхангай аймаг дахин тэргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-06-25 15:54:20

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Ѳвѳрхангай аймаг Элсэлтийн ерѳнхий шалгалтын урьдчилсан дүнгээр улсад дахин тэргүүлж байна.

2017 онд 528.1 хэмжээст оноо авч, 21 аймгийг тэргүүлж байсан бол өнгөрсөн жил гуравт жагсаж байсан юм. Аймгийн Боловсролын салбар төгсөгчдөө их, дээд сургуульд элсэн суралцуулах хэмжээст оноогоор улсад тэргүүлэх амжилтыг сүүлийн 10 гаруй жилийн туршид хадгалж байна.

Энэ жилийн ЭЕШ нь шууд засалтын шилэн технологийг ашигласнаараа онцлог бөгөөд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 16 мянган сурагч төгссөний 872 нь Өвөрхангай аймгийн 29 сургуулийн төгсөгчид юм.

Тэдгээрийн дотор Хужирт сумын ЕБС-ийн сурагч Т.Болормаа, Т.Цэцэгмаа нар монгол хэлний хичээлээр, Хархорин сумын ЕБ-ын Гүнзгий сургуулийн сурагч О.Жадамба математикийн хичээлээр, Мэргэд сургуулийн сурагч Т.Гийхнаран, Ш.Ичинхорлоо, Б.Нандин-Эрдэнэ нар нийгмийн тухай мэдлэг хичээлээр тус тус амжилт гарган шалгалтын дээд оноо буюу 800 оноо авчээ.

ЭЕШ-ын хэмжээст оноогоор 800 оноо авсан, улсын төрөлжсөн олимпиадад эхний гурван байрыг эзлэсэн сурагчдыг аймгаас шагнан урамшуулж, сургалтын төлбөрийн тодорхой хувийг олгодог уламжлалтай.

Өнөөдөр ЭЕШ ур чадварын шалгалтаар үргэлжилж 70 гаруй сурагч оролцож байна. Хяналтын тоог аймгуудаар жагсаасан нэгдсэн дүн өнөөдөр орой эцэслэн гарах аж.

Холбоотой мэдээ