Ашигт малтмалын тухай хуулийн маргааныг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн цэц өнөөдөр Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ.
Тодруулбал, дээрх хуульд, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэрхэн тооцож ногдуулах, төлбөрийн хэмжээ нь ямар байх, нэмэлт төлбөрийн хувийг хэрхэн тодорхойлох зэрэг зохицуулалттай холбоотой заалтууд нь Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцээгүй гэж иргэдээс гомдол ирсэн байна. Мөн иргэдэд дарамт учруулсан, нийгэм, эдийн засгийн хөгжилд саад болсон, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн ажиллах нөхцөлийг хаасан, давхар татвар ногдуулсан зэрэг мэдээллийг нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд ирүүлжээ.
Түүнчлэн Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 /Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна/, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг /Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна/ зөрчсөн гэж иргэний гомдолд мэдүүлсэн байна.
Хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн С.Баярмаа, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Ж.Бат-эрдэнэ нар оролцоно.