Хүүхдийн чихрийн хэрэглээг багасгахыг уриалжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2019-06-27 14:33:51

ЛОНДОН. /BBC/. Хүүхдийн тэжээл дэх элсэн чихрийн агууламжийг хязгаарлаж, эцэг эхчүүд хүүхдүүддээ хүнсний ногоо ахиу идүүлэх хэрэгтэй гэж Их Британийн Хүүхдийн эрүүл мэндийн коллежийн мэргэжилтнүүд зөвлөж байна.


“Чихрийн агууламжгүй” гэх шошготой хүүхдийн тэжээлүүдэд ч зөгийн бал болон жимсний шүүсний чихэр агуулагдсан байдгийг тэд сануулаад, хүүхдүүддээ гашуун исгэлэн амттай зүйлс идүүлэх хэрэгтэйг онцолжээ. Эдгээр нь шүд цоорох, хоол тэжээлийн дутагдалд орох хийгээд таргалахаас сэргийлэхэд тустай ажээ. Энэ талаар Их Британи хүүхдүүдийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах талаарх тайланд тэмдэглэсэн байна.


Хүүхдийн таргалалтыг бууруулах нь Англи, Шотланд зэрэг улсын гол зорилт болсон бөгөөд энэ чиглэлийн үзүүлэлтийг 2030 он гэхэд тал хувиар бууруулахаар зорьж байгаа ажээ. Энэхүү зорилтын хүрээнд чихэр, өөх тосны агууламж ихтэй бүтээгдэхүүнүүдэд голчлон анхаарч байгаа бөгөөд чихэрлэг уух юманд татвар ногдуулах төлөвлөгөөг Англид 2018 онд танилцуулсан байна.


Их Британийн Хүүхдийн эрүүл мэндийн коллежийн мэргэжилтнүүдийн тайланд хүүхдийн тэжээл дэх сахарын агууламжид Засгийн газар хязгаар тогтоох хэрэгтэйг онцолсон байна. Мөн бага насны хүүхдүүдэд чихэрлэг уух юм өгөхийн оронд шинэ жимс, сүү, чихэргүй сүүн бүтээгдэхүүн өгөхийг зөвлөжээ.


“Хүүхдэд зориулсан хоол тэжээлүүдийг ихэвчлэн чихэр ихтэй жимс, хүнсний ногоогоор хийдэг. Мөн савласан тэжээлүүдэд чихрийн агууламж маш өндөр байдаг. Үүний зэрэгцээ шахдаг савлагаатай тэжээл хэрэглэх нь хүүхдүүд халбагаар идэх, өөрийгөө хооллоход суралцахад саад учруулдаг” гэж профессор Мэри Фьютрелл хэлсэн байна.


“Чихрийн агууламжгүй” гэгддэг бүтээгдэхүүнүүдэд ч гэсэн жимс болон бусад төрлийн бүтээгдэхүүний чихрийн найрлага байдаг бөгөөд шүд болон бодисын солилцоонд бүх чихэр ижил нөлөө үзүүлдэг гэдгийг М.Фьютрелл онцолжээ.


М.Фьютреллийн хэлснээр, хүүхдүүд чихэрлэг амтад илүү дуртай байдаг хэдий ч эцэг эхчүүд үүнийг нь өөгшүүлэх ёсгүй бөгөөд хүүхдүүд олон төрлийн амт туршиж үзэх дуртай байдаг тул тэдэнд янз бүрийн амтыг мэдрүүлж, брокколи, бууцай зэргийн исгэлэн амтад багаас нь дасгах хэрэгтэй ажээ. Үүний зэрэгцээ эцэг эхчүүд чихрийн хор уршгийн талаарх мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй гэдгийг профессор онцолсон байна.


Хүүхдүүдийн хамгийн түгээмэл өвчлөл болох шүд цоороход нөлөөлдөг тэргүүлэх хүчин зүйл нь чихэр байдгаас гадна хүүхдүүд таргалж, илүүдэл жинтэй болж буйд чихрийн хэрэглээ хамгийн их нөлөөлж байгаа ажээ.


Их Британид таван настай хүүхдүүдийн дөрөвний нэг орчмын /23 хувь/ шүд цоорч, 4-5 настай хүүхдүүдийн 22 хувь, 10-11 настай хүүхдүүдийн 33 хувь нь илүүдэл жинтэй байгааг тус улсын Засгийн газрын өнгөрсөн оны тайланд мэдээлжээ. 

Холбоотой мэдээ