Үсчдийн мэргэжлийн ур чадвар сул гэх гомдол их гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2019-06-27 16:39:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ-аас нийслэлд буй 21 үсчний газар, 15 гоо сайхны газарт хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын үеэр барилгын шугаман болон гүний худгийн усны шинжилгээний тухай улсын байцаагчийн 28, тоног төхөөрөмж зөөлөн эдээс авсан арчдас, гоо сайхны газрын иллэгний өрөөнөөс авсан сорьцын тухай 8 буюу нийт 36 дүгнэлт гаргав.

Шалгалтад хамрагдсан нийт газрын 33.3 хувь буюу гоо сайхны газрын 26.6 хувь нь өдөр тутмын их цэвэрлэгээ, багажийн ариутгал халдваргүйжүүлэлт хангалтгүй хийдэг нь илэрчээ. Мөн гоо сайхны газрын 46 хувь, үсчний газрын 76.1 хувь нь үйлдвэрлэгч орны чанарын болон эрүүл мэндийн баталгаагүй, хяналтын байгууллагын дүгнэлтгүй барааг хэрэглэж байгааг тогтоосон байна.


Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч М.Мөнхгэрэл хэлэхдээ, “Энэ оны төлөвлөгөөнд тусгасны дагуу нийслэлийн гоо сайхан, үсчний газарт тавдугаар сарын 1-30-нд хяналт шалгалт явуулсан. Үсчин, гоо сайхны үйлчилгээний газрууд зориулалтын бус орчинд үйл ажиллагаа явуулж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна. Зориулалтын бус байр гэдэг нь аливаа орон сууцны зоорийн давхар юм. Агааржуулалтын хоолой тусдаа гаргаагүйгээс болж химийн бодисын үнэр агаарт тархан, айлууд руу дамжин орно. Үсчдийн мэргэжлийн ур чадвар сул гэх гомдол ихээр ирэх болсон. Энэ нь сургалт явуулдаг төвүүдтэй холбоотой. Суралцагчид мэргэжлийн үнэмлэхийг олгохдоо мэдлэг чадварыг үнэлэх шалгуур үзүүлэлт сул байгаагаас хүний үсийг химийн хоронд түлэх, буруу засах зэрэг гомдол нэмэгдэж байгаа. Цаашид бид зөрчил гаргасан үйлчилгээний газруудад хатуу арга хэмжээ авахаар төлөвлөж байна” гэв.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 19 газарт улсын байцаагчийн албан шаардлага, хугацаат үүрэг даалгавар хүргүүлэн,зарим үсчний газрын үйл ажиллагаа явуулах эрхийг түр хугацаагаар зогсоожээ.

                                                                                                                                                                                         Б.Ариунтуяа


Холбоотой мэдээ