БНСУ-ын Үндэсний тээврийн их сургуультай хамтран ажиллана

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2019-06-28 11:49:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Үндэсний тээврийн их сургуулийн ерөнхийлөгч Жон Ху Пак тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, цаашдын хамтын ажиллагааны талаар ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой уулзан санал солилцов.


Талууд Монгол Улсын зам, тээврийн салбарт шаардлагатай мэргэжлээр оюутан сургахад хэрхэн хамтран ажиллах талаар ярилцаж, эхний ээлжинд яамнаас тавьсан хүсэлтийн дагуу нэг оюутныг Үндэсний тээврийн их сургуулийн бүрэн тэтгэлгээр суралцуулахаар болсныг мэдэгдлээ. Цаашид Монголын талаас суралцуулах оюутнуудын тоог нэмэхэд талууд анхаарч ажиллахаар тохиролцов.

БНСУ-ын Үндэсний тээврийн их сургууль нь Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран ажиллахын зэрэгцээ Монголын бусад их дээд сургуулиудтай холбоо тогтоон хамтран ажиллахаар тохиролцсоны дагуу ХААИС-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхыг сайжруулах зорилт дэвшүүлэн гадаадын их дээд сургууль, техник мэргэжлийн сургуулиудад инженер, техникийн ажилчдыг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж буй.

Энэ хүрээнд БНСУ-ын Үндэсний тээврийн их сургуультай харилцаа тогтоон, салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар хамтын ажиллагааны санамж бичгийг 4 дүгээр сарын 9-нд байгуулсан юм.

 

Холбоотой мэдээ