Трамп, Моди нар Осакад уулзахдаа С-400-тэй холбоотой асуудлыг хэлэлцсэнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-06-28 16:30:52

ОСАКА. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар Японы Осака хотод болж буй “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд уулзахдаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хэлэлцсэн боловч ОХУ-ын зенитийн пуужингийн С-400 системийг Энэтхэг улс худалдан авахтай холбоотой асуудлыг хөндөөгүй байна. Энэ тухай “The Times of India” сонин Энэтхэгийн төлөөлөгчдийн баг дахь эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.


Шинэ Дели болон Вашингтон С-400-тэй холбоотой асуудлаар “харилцан хүлээн зөвшөөрсөн шийдлийг” олохын тулд энэ асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Их 20”-ийн уулзалтын өмнө Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субраманиям Жайшанкартай Шинэ Дели хотод хамтран зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


Харин Энэтхэгийн Гадаад хэргийн сайд мэдэгдэхдээ, Шинэ Дели бусад улс оронтой хийж буй харилцаандаа Энэтхэгийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавина гэдгийг онцлон тэмдэглэжээ.


Энэтхэг улс урьд нь 5.43 тэрбум ам.долларын өртөг бүхийг С-400 "Триумф" системийг худалдан авах гэрээг ОХУ-тай байгуулсан бөгөөд энэ нь Вашингтоны дургүйцлийг ихээхэн төрүүлсэн юм.


Оросын цэргийн техникийг худалдан авбал CAATSA хуулийн дагуу хориг арга хэмжээ авна гэж АНУ-ын эрх баригчид Энэтхэгийг сүрдүүлсэн боловч тус улсын эрх баригчид Оросын зенитийн пуужингийн системийг худалдан авахаас татгалзахгүй гэдгээ мэдэгдсээр байгаа билээ.


Холбоотой мэдээ