Байгаль орчны яамд хоорондын шинжээчдийн уулзалт Улаанбаатарт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-07-02 08:55:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНСУ-ын Байгаль орчны яам хоорондын шинжээчдийн уулзалтыг энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат зургадугаар сарын 27-28-нд БНСУ-ын Сөүл хотноо болсон Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хоорондын Хамтарсан хорооны IV хуралдааны үеэр тус улсын Байгаль орчны сайд Чо Мюнг Рэйтэй уулзах үеэр тохиролцов.

Сайд нар хоёр орны хамтын ажиллагаа тэр дундаа байгаль орчны салбарын харилцаа жил бүр өргөжин хөгжиж байгааг онцлов. Хамтын ажиллагаа тусгай хамгаалалтай газар нутаг, цаг уур, ойжуулалт, цөлжилттэй тэмцэх үйл ажиллагаагаар зогсохгүй ус, биологийн олон янз байдал, уур амьсгал, ногоон өсөлт зэрэг шинэ агуулга, чиглэлээр тэлж буйд сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлэв.

БНСУ-ын тал шар шороон шуурга, агаар мандалд хуримтлагдсан тоос тоосонцрын талаар дурдаад агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийг салбарын хамтын ажиллагааны тэргүүлэх эгнээнд авч үзэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлэв. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат салбарын боловсон хүчний чадавхыг бэхжүүлэхэд онцгойлон дэмжиж байгаад талархан, инновац, технологийг нэвтрүүлэх, хуваалцах явдал чухал хэвээр байгааг онцлов.

Хоёр тал 2020 онд Сайд нарын түвшний Бодлогын зөвлөлдөх уулзалтыг хийхээр тохиролцов. 2020 онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэх тул хоёр яамны хамтын ажиллагааг тусгайлан эрчимжүүлэх, өргөжүүлэхэд санал нэгдсэн талаар БОАЖЯ-наас мэдээлэв. 

Холбоотой мэдээ