Германы найрал хөгжимчид Монголд тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2019-07-03 18:14:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Хессен мужийн Бад Вилбел хотын Каммер найрал хөгжмийн чуулгын 30 гаруй хөгжимчин “Bach in Ulaanbaatar” тоглолтоо Улсын филармонийн тайзнаа маргааш толилуулна.


Монгол Улсын Консерваторийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд, тус сургуулийн багш, оюутнуудтай хамтран тоглох юм. Тоглолтод оролцохоор ХБНГУ-д амьдарч, уран бүтээлээ туурвидаг “Хатан” хамтлагийн шанзчин Н.Уранчимэг, “Хөх Монгол” хамтлагийн морин хуурч Б.Золзаяа нар өнөөдөр эх орондоо ирээд байна. Тэднийг Монгол Улсын Консерваторид тоглолтдоо бэлтгэж байхад нь уулзлаа.


-Германы найрал хөгжмийн чуулга Монголд тоглох гэж байгаа нь сонгодог урлаг сонирхогчдод завшаантай үйл явдал болж байна. Та бүхний хувьд энэхүү оркестртой хэрхэн холбогдов?


-Бад Вилбел хотын Каммер найрал хөгжмийн чуулга бол Германы Франкфуртын дагуул хотын симфони оркестр юм. 1973 онд байгуулагдсан 30 хүний бүрэлдэхүүнтэй ч том тоглолтод гаднаас хөгжимчид дуудлагаар авч тоглуулдаг юм билээ. Германд сонгодог урлаг  хөгжсөн учраас хот бүр өөрийн хөгжмийн сургууль, оркестр, театртай байдаг. Миний амьдардаг Иголштатт хот гэхэд, 130 мянган хүн амтай жижиг хот ч гэсэн маш том театр, хөгжмийн сургууль бий. Бад Вилбел хотын Каммер найрал хөгжмийн чуулга Монголыг ихэд сонирхож, аялангаа тоглолт хийх саналыг Монгол Улсын Консерваторид анх тавьсан юм билээ. Ингээд Монголын хөгжмөөс морин хуур хамгийн алдартай, дэлхийд танил болсныг мэдэж, улмаар морин хуурт зориулсан зохиол бичих саналыг Франкфурт хотын Дуурийн театрын эрдүү хийл хөгжимчин, хөгжмийн зохиолч Маттиас Билдэд тавьсан. Тэрээр зөвшөөрч морин хуурч хайсан юм билээ. Тэгээд миний хань Б.Золзаяад хандсан. Миний хань Ардын жүжигчин Ц.Батчулууны шавь, Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагчдын нэг,  Морин хуурын чуулгад 10 гаруй жил ажилласан туршлагатай хөгжимчин юм. Харин миний хувьд, 1996 онд ХБК-ийг Н.Зүмбээ багшийн удирдлага дор төгссөн.

Өнгөрсөн сарын 15-нд нөхөр бид хоёр энэ найрал хөгжимтэй хамтарч тоглосон. Бид хоёрт Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан морин хуур, шанзны хослолд зориулсан “Фантази” бүтээлийг зохиож өгсөн юм. Түүнийг нь хотдоо тоглолоо. Мөн нөхөр маань Германы хөгжмийн зохиолч Билдийн морин хуурт зориулсан зохиолыг гоцолж тоглосон.


-Үзэгчид тоглолтыг хэрхэн хүлээн авав?


-Энэ нь гадаадын хөгжмийн зохиолчийн морин хуур хөгжимд зориулсан томоохон хэлбэрийн анхны бүтээл болж буйгаараа онцлогтой. Өмнө нь Морин хуурын чуулгад зориулж Японы хөгжмийн зохиолч бүтээл хийсэн гэж сонссон. Морин хуурт зориулсан тоглолтыг үзэгчид маш сайхан хүлээн авсан.


-Манай ардын урлагийн хэчнээн уран бүтээлч Германд уран бүтээл туурвиж байна вэ?


-Германд 1992 оноос манай хөгжимчид суурьшиж, ажиллаж эхэлсэн. Тэр үеэс уран бүтээлчид монгол ардын урлагийг Европт таниулж явна. Одоогоор, Германд “Хөх Монгол”, “Хатан”, “Эгшиглэн” хамтлаг, мөн Монголын гурав, Ираны нэг хөгжимчинтэй “Зида” хамтлаг уран бүтээлээ туурвиж байна. “Эгшиглэн” хамтлаг бол хамгийн анх Монголоос Герман руу явж байсан морин хуурын дөрвөл юм. Тэд монгол хөгжимчдийн Германд ажиллах анхны шанг татсан гэж хэлж болно. Монголын уран бүтээлчид бараг 20 жил тоглож байгаа учраас Германы үзэгчид хөөмий, морин хуур, ардын урлаг зэргийг сайн мэднэ.  Гэхдээ ардын хөгжмөөр сонгодог, дан хөгжмийн хэлбэрийн, оркестртой тоглох нь ховор байсан. Европт хамгийн амжилттай тоглож яваа н.Энхжаргал гэдэг морин хуурч 50 мянган үзэгчийн өмнө тоглож байсан удаатай.


-Танай гэр бүл хэзээнээс Германд амьдарч байна. Та хоёр хамтлагтаа л тоглодог уу?


-Анх бид хоёр 2006 онд “Хөх Монгол” хамтлагийн урилгаар очиж байлаа. Бид 2017 онд хамтлагийнхаа 20 жилийн ойг тэмдэглэсэн. Шаардлага гарвал ганц ганцаараа, эсвэл хосоороо тоглодог. Гэхдээ ихэвчлэн хамтлагаараа явдаг. Хамтлагаараа Европт гэлтгүй Азийн орнуудад ч тоглож байлаа. Манайх зургаан уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй, гурван гэр бүл болохоор, хамт ажиллахад таатай байдаг юм. Хүүхдүүд сургуулийн насных, хичээлтэй байдаг учраас урт хугацааны аялан тоглолтод явж чаддаггүй. Тэгээд бид ярилцаад, эмэгтэй уран бүтээлчдийн “Хатан” хамтлаг байгуулаад 6 жил болж байна. Анх удаа эмэгтэй хүний хөөмийлөхийг сонсоход сонирхолтой байна гэцгээдэг юм. Манай хамтлаг Узбекистан хотод наймдугаар сард болох фестивальд оролцоно. “Хатан” хамтлаг маань таван хүний бүрэлдэхүүнтэй. Дуу, бүжиг, эмэгтэй хөөмийчийн үзүүлбэртэй. Гадаадынхан их сонирхдог.


-Энэ удаагийн тоглолтод ямар бүтээлүүд эгшиглэх вэ?


-Гёте институтийн дэмжлэгтэй зохион байгуулах энэхүү өвөрмөц тоглолтод сонгодог хөгжмийн чавхдаст найрал хөгжим, Монголын уламжлалт хөгжмийн зэмсэгтэй хослон тоглохоороо онцлогтой. Тоглолтод Бад Вилбелийн Каммер Оркестр Маттиас Билдийн найруулсан бүтээлээс тоглохоос гадна, Карнеги Холл, Венийн Хөгжмийн холбоо болон Берлиний Филармонид хөгжмийн бүтээлээс нь тоглож байсан Монголын нэртэй хөгжмийн зохиолч Д.Түвшинсайханы шинэ уран бүтээлээс эгшиглүүлнэ. Мөн Ж.Бизегийн “Кармен” сюит, И.С.Бахын хийл болон виолончельд зориулсан концерт гээд сонсголонтой бүтээлүүд хөтөлбөрт маань багтсан.


-Та бүхний тоглолтод амжилт хүсье.


-За баярлалаа.


Тус найрал хөгжмийн чуулгын удирдаач Клаус Бауэрын сэтгэгдлийг мөн сонссон юм. Тэрбээр хөгжмийн авьяастай хүүхэд байсан бөгөөд 6 наснаасаа төгөлдөр хуур тоглож сурчээ. Дунд сургуулиа төгсөөд хуулийн мэргэжил сонгон суралцаж төгсөөд хуульчаар ажиллахын зэрэгцээ удирдаачийн чиглэлээр Женев, Штуттгарт, Мюнхен хотод суралцаж төгсчээ. Тэрээр 30 жил Германы алдартай хуулийн ϕирмд хуульчаар ажиллаж тэтгэвэртээ гарсны дараагаас Бад Вилбэл оркeстрын удирдаачаар томилогджээ. 

Тэрбээр хэлэхдээ, “Монголын үзэсгэлэнт сайхан байгаль, хөгжмийн амьдрал маш гайхалтай санагдлаа. Анх морин хуурч Б.Золзаяагийн тоглохыг сонсоод Монгол явахаар шийдсэн. Тэгээд оркестртоо хэлэхэд, манай хөгжимчид маш их баярласан. Бид морин хуур хөгжимд зориулсан зохиол хэрэгтэй гээд хөгжмийн зохиолч Маттиас Билдэд хэлэхэд, бидний захиалгаар хөгжим бичиж өгсөн юм. Тоглолтоо Германд хийгээд, энэ удаа Монголын үзэгчидтэй уулзах гэж байгаадаа нэн баяртай байна. Бид Германаас 28 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Тоглолтод морин хуурч Б.Золзаяа, шанзчин Н.Уранчимэг нараас гадна найман монгол уран бүтээлч, нийт 36 хүний бүрэлдэхүүнтэй тоглоно” хэмээв.


Гэрэл зургийг Б.Чадраабал



 

Холбоотой мэдээ