Вашингтонд хийсэн уулзалт сүүлийн уулзалт боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-02 13:57:39

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын нийслэл Вашингтон хотод гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1-ний хооронд болсон Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт энэ асуудлаарх сүүлийн уулзалт боллоо. Энэ тухай дээд түвшинд зохион байгуулсан уг олон улсын уулзалтын дүнд гаргасан албан ёсны мэдэгдэлд дурджээ. Мэдэгдлийг Цагаан ордны хэвлэлийн алба баасан гарагт нийтэлсэн байна.

Баримт бичигт цохон тэмдэглэснээр, дээд хэмжээний уулзалтад оролцогчид “цөмийн зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах зорилготой хэвээр байгаа гэдгээ” нотолжээ. Үүнээс гадна, Олон улсын атомын эрчим хүчний агентлаг /МАГАТЭ/ “дэлхий нийтээр цөмийн аюулгүй байдлыг хангах бүтцийг бэхжүүлэх” гол хариуцлагыг хүлээж,  энэ үйл явцад “гол үүргийг” гүйцэтгэнэ гэдэгтэй уулзалтад оролцогсод санал нэгдсэн байна.
Түүнчлэн “хорлон сүйтгэх зорилгоор ашиглаж болзошгүй хүмүүсийн гарт цөмийн болон бусад цацраг идэвхт материал орохоос урьдчилан сэргийлэхэд” чиглэсэн тодорхой ажил хийх хэрэгтэйг мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.

Дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирсэн улс орнуудын удирдагчид мөн үйл ажиллагааны төлөвлөгөө баталсан байна. Гэхдээ уг баримт бичгийг “улсынхаа хууль тогтоомж болон холбогдох олон улсын үүргийн дагуу сайн дурын үндсэн дээр биелүүлнэ” гэдгийг Цагаан ордон хүлээн зөвшөөрчээ.

2010, 2012, 2014 онд ийм дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан бөгөөд өндөр түвшинд ийм зөвлөгөөн зохион байгуулах санаачилгыг АНУ гаргасан юм. АНУ-ын одоогийн засаг захиргаанаас энэ чиглэлд хийж буй ажлын талаар хэлэлцэх сэдэв шавхагдсан гэж үзсэн учраас ОХУ энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцоогүй байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ