Харваачид нийтдээ 40 сум тавин цэц мэргэнээ сорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2019-07-12 11:02:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын их баяр наадмын үндэсний сурын харваанд энэ жилийн наадмаар 540 харваач цэц мэргэнээ сорьж байна.

Үүнээс дархан мэргэн 3, даяар дуурсах мэргэн хоёр, даян мэргэн 6, улсын мэргэн 17 харваач оролцож байна. Үндэсний сурын харвааны урианхай сурын харваанд 170, буриад сурын харваанд 210, өсвөрийн хүүхдийн сурын харваанд 178 харваач оролцож байна.

Харваачид хана харваанд 20, хас харваанд мөн 20, нийт 40 сум тавьж цэц мэргэнээ сорьж байна. Энэ жилийн наадмын сурын харваанд оролцож буй харваачдаас хамгийн ахмад нь 78 настай бол хамгийн залуу нь гурван настай харваач байна.

Наадмын өмнө үндэсний сурын харвааны сорилго болж, шилдэг харваанд 540 харваачийг шалгаруулж Улсын их баяр наадмын сурвын харваанд оролцох эрх олгожээ. Энэ талаар Монголын Үндэсний харваачдын холбооны тэргүүн Г.Ганхуягаас тодруулвал, “Үүний өмнө Улсын аварга шалгаруулах тэмцээнээр 6 өдрийн турш алтан шар зурхай дээр мянган харваач харвасан. Энэ нь өмнө нь Монголд болж байгаагүй харваа наадам болсон онцлогтой. Уг тэмцээний оноогоор 540 харваач шалгарч Улсын баяр наадамд оролцож байна” гэв. Мөн тэрбээр, “Энэ жилийн наадмаар нар, хур тэгширсэн сайхан өдрүүд болж буй учир нум, сумны бууц, нумны хувиралт багатай сайхан наадам болж байна” гэлээ.





Монгол үндэсний сурын харваа нь эрийн цэц заасан, нарийн дэг жаягтай, үндэсний онцлогтой спорт юм. Сүүлийн жилүүдэд залуус сур ихээр харваж, нэгэн зэрэг мянган харваачтай болж, үе залгамжилсан харваач олон болж, гэр бүлээрээ сур харван Улсын баяр наадамд оролцож байгаа нь Монгол сурын харваа хөгжиж буйн нэг илрэл гэдгийг ахмад, мэргэн харваачид хэлж байв.


Өвөг дээдсээс уламжлан ирсэн, Монгол түмний өв соёлыг түгээн дэлгэрүүлж буй спортын нэг төрөл үндэсний сурын харвааны онцлог нь дандаа гадаа харвадаг, булчин шөрмөс сайн ажиллаж хөдөлгөөн байнга шаарддаг зэргээр эрүүл мэнд тустай, сур харваж хүн бөгтийдөгггүй, мөн сур харваад эхэлсэн хүн орхиж чаддаггүй, оноод байх тусам улам харваад баймаар санагддаг, олон онцлогтой спорт аж.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ