Жуулчдад зориулсан “Naadam night” шоу боллоо

Монголын мэдээ | Соёл урлаг
192@montsame.mn
2019-07-12 11:35:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жилийн Улсын их баяр наадмаар гадаад, дотоодын жуулчин, зочдын анхаарлыг “Дээлтэй Монгол” наадам болон “Naadam night” шоу ихэд татлаа. Үүнийг дээрх үйл ажиллагаанд олноор ирсэн гадаадын жуулчдаас харж болно.

“Дээлтэй Монгол” наадмын үеэр гарсан үзэсгэлэн худалдаа, үндэстэн ястны онцлогийг харуулан гэр болон асар барьж үйлчлэн, шилдэг үндэсний хувцастай гадаадын оролцогчийг шалгаруулсан нь жуулчдын сэтгэлд нийцэж, тэдний сонирхлыг ихэд татаж байлаа. Наадмын үеэр манай улсад болон нийслэлд 100 гаруй мянган жуулчин ирдэг талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлж байна.

Энэ жилийн наадмаар гадаадын жуулчдын анхаарлыг мөн онцгой татсан үйл ажиллагаа нь баяр наадмын үеэр тэдэнд зориулан зохион байгуулсан “Naadam night” шоу байлаа.




Наадмын эхний өдрийн орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болсон “Naadam night” шоунд залуус болон гадаадын жуулчид, зочид гийчид их, хүрээлэн дүүрэн байлаа. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол түмний наадмын нээлтийг одот тэнгэрийн дор англи хэлээр үзэх боломжийг жуулчдад олгосноор онцлог байв.




Мөн монголчуудын ёс заншил, соёлыг мэдрүүлсэн өвөрмөц үйл ажиллагаа болсныг гадаадын жуулчид онцолж байв. “Naadam night” шоуны үеэр Монгол үндэстний ахуй соёл, өв уламжлалыг харуулсан үзвэр, үйлчилгээ гарч, жуулчдад зориулсан хөгжөөнт тоглоом зэргийг явуулж, амьд хөгжмийн тоглолтууд болсон юм.

“Naadam night” шоуны нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг Нийслэлийн аялал жуулчлалын газраас өмнөх орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэсэн байлаа.  

Б.Болд

Холбоотой мэдээ